Хууль зүй, дотоод хэргийн яам Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Өнгөрсөн гуравдугаар сард архины ширхэг бүрийн борлуулалтаас хуримтлал үүсгэж, Засгийн газрын сан байгуулж, архинд донтсон хүмүүсийг захиргааны аргаар албадан эмчлэхээс гадна сайн дурын эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулагдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байв.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгааг мэдэгдсэн байна. Мөн сан бүрдүүлэх хууль ч УИХ-ын хэлэлцэх асуудалд багтсан байгаа аж.
Сангийн хөрөнгөөр архи болон мансууруулах бодисын хамааралтай хүнийг эмчлэх үндэсний хэмжээний эмнэлэг барих бодлого баримталж байгаа юм байна.
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2015 онд 7.2 л байсан бол 2019 онд 8.5 л, шар айрагных 2015 онд 25.3 л байсан бол 2019 онд 28.8 л болж нэмэгджээ. Ингэснээр Монгол Улс архи, согтууруулах ундааны хэрэглээгээр Азид дөрөвдүгээрт бичигдсэн байдаг.
Архины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үүнээс үүдэлтэй гэмт хэргийн тоо өссөн. Цагдаагийн байгууллагын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний найман сард л гэхэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2910 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 14.5 хувиар өссөн үзүүлэлт аж.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд “Манай улсад архинд донтох эмгэг 1984-1992 оныхоос 40 дахин нэмэгджээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд сурагч, өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн төдийгүй 12.9 хувь нь согттол хэрэглэж байсан, тэдний эцэг, эхчүүдийн 39.8 хувь нь архи уудаг гэсэн байна.
Мөн оюутан, залуусын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубийн үйлчлүүлэгч гэжээ.