Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас зохион байгуулж буй “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах нэг үзэл баримтлал” сэдэвт дээд хэмжээний онлайн хурал энэ сарын 13-нд эхэллээ.
Хуралд ICAO-ын гишүүн 193 улсын, агаарын тээвэр хариуцсан сайд, дарга нар оролцож аялал жуулчлал, худалдааны салбарыг эргэн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэх нисэхийн салбарыг хэрхэн аюулгүй, хурдацтайгаар эргэн сэргээн, хөгжүүлэх талаар хоёр долоо хоногийн турш хэлэлцэх юм. Тус хуралд Монголоос ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн ерөнхийлөгч Сальваторе Шиачхитано тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас олон улсын агаарын тээвэр хүнд байдалд орлоо. Дэлхийн эдийн засгийн цаашдын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд энэхүү хурлын үр дүн ихээхэн үзүүлнэ гэж онцлон хэлжээ.
Мөн Хуралдааны эхэнд Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Карлос Салазар агаарын тээврийн эргэн сэргэх үйл явцын тогтворгүй байдал нь зөвхөн дотоодын аялал жуулчлал, худалдааны зах зээлээр хязгаарлагдахгүй байгааг мэдэгдлээ.
Түүнчлэн улс орнууд цар тахлын шуургыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Гишүүн улс орнуудын олон талт хамтын ажиллагаа, хамтын оролцоог улам бэхжүүлэх, цар тахлын дараах агаарын тээвэрт авч хэрэгжүүлж буй бодлогыг илүү оновчтой болгох, аюулгүй ажиллагаа, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд зохистой саналуудыг хурлын төлөөлөгчид гаргах байх хэмээн хурал зохион байгуулагчид хэллээ. Дээд хэмжээний цахим хурлын төгсгөлд Тунхаглал гаргана хэмээн ИНЕГ-аас мэдээлэв.