Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ.
Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм. Энэ хүрээнд “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга, хариуцлага” гэсэн сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцох юм.