Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ганхуяг нар өчигдөр мэдээлэл өгч, өөрсдийн байр сууриа хамгааллаа.
Монгол Улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болж үл ойлголцох байдал үүссэн
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн төсөлтэй холбоотой үл ойлголцол үүсэхээр мэдээллүүд цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Тиймээс энэ хуулийн гол зорилго нь юу байсан, Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан юу вэ гэдгийг тайлбарлая.
Бид 2020 оны есдүгээр сараас хөрөнгө оруулалтын чуулгануудыг зохион байгуулж, 2021 оны нэгдүгээр сард мэдээлэл технологийн компаниудыг гадаадын зах зээлд хэрхэн гаргах талаар ажлын хэсэг байгуулаад, 30-аад компанитай хамтарч ажиллалаа. Мөн МҮХАҮТ болон бусад танхимуудтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнгөрөгч тавдугаар сард яг одоо яригдаж байгаа хуулийн төслөөр МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулж, зургадугаар сард хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан.
Хуулийн төсөл дэх хөрөнгө оруулалтын босго буюу Монгол Улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болоод хуулийн талаар үл ойлголцох байдал үүссэн гэж харж байна.
Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн 118 оронд хөрөнгө оруулалтын ямар нэгэн босгогүйгээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байгаа. Зөвхөн 2020-2021 онд 70-аад оронд тэр босгыг тэглэж, хөрөнгө оруулалтын орчноо улам таатай болгосон. Харамсалтай нь энд Монгол Улс багтаагүй. Тиймээс бид Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээх зорилго агуулан энэ хуулийн төслийг боловсруулсан.
Бид старт ап-ууд, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль эрхзүйн орчныг бий болгохгүй бол зөвхөн Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг ярьсаар сүүлийн 10 жилийн өнгөрөөлөө.
Өнөөдөр хуулийн процесс яаж явдаг вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагч Монголын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийхийн тулд мөнгөө түр дансанд байршуулаад, гэрчилгээ гарсны дараа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг авдаг. Энэ хугацаа нь 1-2 сар. Цар тахлаас болоод Монголд гадны иргэд ирэх боломжгүй болсон. Харин E Mongolia платформыг ашиглан компани нээх, аж ахуйн нэгжийн улсын бүртгэл авах боломжтой болсон. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго нь гадаадын иргэн ч бай Монгол Улсын иргэн ч бай компани байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.
100 мянган ам.долларын босгын тухайд, гадаадын хувьцаа эзэмшигчдийн тоогоор 100 мянган ам.доллар орж ирсэн байх ёстой байдаг. Тухайлбал, 10 хувьцаа эзэмшигчтэй компанийн ес нь гадаадын иргэн байлаа гэж бодоход тус бүр 100 мянган ам.доллар байршуулах асуудал яригдана. Хэрэв Монгол Улсын иргэн 50 хувийг нь эзэмшье гэх юм бол 1.1 сая ам.доллар гаргах асуудал үүчихээд байгаа юм. Тиймээс энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нэр томьёо байхгүй болно.
Хөрөнгө оруулалт гэдэг бол байшин сав авах үйл явц биш. Хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн хувьцаанд нь хөрөнгө оруулж, хувь эзэмшихийг хэлж байгаа юм. Байр, машин авснаар хөрөнгө оруулалт болно гэж зарим гишүүн эсэргүүцэж байсан. Тэр бол ташаа ойлголт.
Хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулах явцдаа Засгийн газраас санал авсан
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Олон нийтээс ирж байгаа асуулттай холбоотойгоор бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж өөрсдийгөө дүгнэж байна.
Гадаадын иргэн Монгол Улсад 500 мянга доллар, 1 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ч бай байнга оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаадын иргэн харьяатын газар хуулийн дагуу шийддэг. Хуулиар манайд виз мэдүүлсэн гадаадын иргэнд хүсэлтийг нь зөвшөөрөхгүй байх эрхтэй. Яагаад зөвшөөрөөгүйгээ тайлбарлах албагүй. Тэр ч байтугай виз олголоо гэхэд хилээр оруулахгүй байх эрхтэй.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар дипломат байгууллагаас өөр байдлаар Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын нийт иргэний тоо манай улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг улсын иргэний тоо Монгол Улсын нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Монгол Улс энэ тоог баримталж байгаа.
Хуулийн төсөлд хэдий хөрөнгө оруулсан ч бай Үндэсний хөгжлийн газраас нотлох баримтаа авч, ГИХГ-т байнгын оршин суух зөвшөөрөл авахаар хандана. Ингээд холбогдох хуулийн дагуу ГИХГ зөвшөөрөл олгох эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн манай улсад хөрөнгө оруулснаар байнга оршин суух зөвшөөрөл хүсэх эрх нь үүснэ гэсэн үг.
Хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулах явцдаа Засгийн газраас санал авсан. Ингэхэд дэмжсэн. Гэхдээ одоогийн хууль дахь 100 мянган ам.долларын босго нь яг гадаадын эх үүсвэрээс орж ирсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, 100 мянган ам.доллар түр дансан байршуулж, түр оршин суух зөвшөөрөл авмагцаа тэр мөнгөө буцаагаад авч байна эсвэл хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн. Тиймээс бид дор хаяж хоёр ажлын байр бий болгосон, санхүүгийн тайлан өгдөг, үйл ажиллагаа явуулдаг бизнес байх ёстой гэдэг шаардлага оруулж ирсэн.
Монгол Улсын иргэншил, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой маш нарийн хуулийн зохицуулалт байдаг. Иргэншлийн асуудлыг гэхэд зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.
Гадаадын хөрөнгө оруулалт гацаад байгаагийн шалтгаан нь энэ хууль юм уу гэж асууж магадгүй. Энэ хууль бол зөвхөн нэг нь. Хөрөнгө оруулалагчид энэ хуулийг хараад надад ээлтэй байна уу үгүй гэдгийг нь хардаг юм билээ.
УИХ-ын гишүүд хууль өргөн барихдаа Засгийн газраас санал авдаг. Дээр нь УИХ-ын Тамгын газарт хянуулдаг. Тухайн хууль нь Үндсэн хуульд нийцэж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдөж байна уу үгүй юу гэдгийг шалгаад, өргөн барих зөвшөөрөл олгодог. Эцэст нь тухайн хуулийг батлах эсэхийг УИХ шийддэг” гэлээ.
Тэдэнтэй хамт хуулийн төсөл өргөн барьсан хоёр гишүүн хуулийн төслөө эгүүлэн татах болсноо мэдэгдсэн. Ингэснээр цаашид хуулийн төслийг хэрхэн вэ гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хуулийн төслийг нэг жилийн хугацаанд боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, өргөн бариад явж байна. Бид өнгөрөгч тавдугаар сард өргөн барих гэж байгаа төслөө МҮХАҮТ-аар хэлэлцүүлсэн. Тэгэхэд УИХ-ын дарга болон Д.Өнөрболор гишүүн байсан.
УИХ-ын гишүүн хэлэлцүүлгийн аль ч шатанд хуулийн төслөө эгүүлэн татах эрхтэй байдаг. Тэр эрхээ л эдэлж байна гэж харж байна. Энэ асуудлыг УИХ-ын Тамгын газарт хэлэлцээд шийдэх байх. Түүнээс биш хуулийн төсөлд цэг, таслал ч нэмж хасаагүй” гэлээ.