УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ. Тус хуулийн төслийг Засгийн газар аравдугаар сарын 1-нд өргөн мэдүүлсэн байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусын шинжилгээ, вакцинжуулалтын явц зэрэг асуудлаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулсныг товчлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Зээлийг вакцинд зарцуулах гэж байгаа учир дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт хэдэн хүн өвчилсөн бэ. Хичнээн хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтох вэ. Одоо бидний дархлаажуулалтад ашиглаж буй вакцинуудаас аль нь дархлаа тогтоох чадвар хамгийн өндөр вэ. Олон улсын байгууллагуудаас зээл авахдаа анхаармаар байна.Үүн дээр анхаарахгүй бол хэт өндөр өртөгтэй зээлүүд байна шүү.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яаралтай горимд хүлээн зөвшөөрсөн вакцинуудыг хэрэглэж байна. Эдгээр вакцинууд 50-75 хувийн хамгаалах чадвартай. Өнөөдрийн байдлаар 480 мянган хүн коронавирусийн халдвар авсан. Өдөрт халдвар авсан хүний цаана ойрын хавьтал хэдэн хүн байгааг тооцоолох боломжгүй болсон.
Өнөөдөр бид вакцинжуулалтыг 65.5 хувьд хүргэсэн нь халдварын тархалтыг тодорхой хэмжээнд хумихад нөлөөлж байна гэж бодож байна. Манай улсын хувьд Дархлаажуулалтын хуультай. Тийм ч учраас вакцинжуулалтын дэд бүтэц сайн хөгжсөн улсын тоонд ордог. Иймээс хүйтэн хэлхээний асуудлыг зохицуулсан.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ковидын нөхцөл байдал хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ бид нарыг нэг жилийн хугацаанд авсан зээл маань тэрбум гаруй ам.доллар болж байгаа шүү. Яахав зээлийн хүү бага, хөнгөлөлттэй нөхцөлтэй гэж байгаа хэдий ч авч байгаа мөнгөө ариг гамтай хэрэглэмээр байна. Ямар вакциныг хэдий хэмжээгээр ямар үнээр худалдаж авах шийдвэрийг хэн гаргаж байгаа вэ.
Вакцины бодлогоо тодорхой болгомоор байна. Одоо ирээдүйд хэдий хэмжээний вакцин нэмж авахаар төлөвлөж байгаа вэ. Түүнд хэдий хэмжээний хөрөнгө төлөвлөж байгаа вэ. Вакцин худалдан авах мөнгө байгаа юу эсвэл дахин зээл авах уу гэдэг асуултуудад хариулт авмаар байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины төлөлтийг Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагатай хамтран гаргадаг. Бид зорилтот бүлэг буюу 18 дээш насны 2 сая гаруй хүн вакцин хийнэ гэж төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалтыг хийсэн.
Үүний 4 сая тун Вероселл, 2.5 сая тун Файзер татан авсан. Одоогор нөөцөнд 1.7 сая тун Файзер, 890 мянган тун Веросел вакцин байна. Вакциныг стандартын дагуу зориулалтын орчинд хадгалж байгаа. Улсын хэмжээнд төлөвлөсөн иргэдийн 65.6 хувийг хоёр тун вакцинаар дархлаажуулсан. 350 мянган хүн 3-р тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх 3-р тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлнэ.
“Ковакс” хөтөлбөрөөс хэдэн тун вакцин нийлүүлэхээ урьдчилж хэлдэггүй. Сая энэ хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сард 890 мянган тун вакцин ирсэн. Вакцины нөөц хангалттай байгаа тул 2021 оны дөрөвдүгээр улиралд авахаар төлөвлөсөн вакцинаа 2022 оны 1, 2-р улиралд авахаар захиалгаа шилжүүлээд байна.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Зөвхөн гадаад руу явж байгаа хүмүүсээс биш жирийн хүмүүстэй нийлээд өдөрт 10 мянган шинжилгээ хийлээ гэхэд 500 сая төгрөг зарцуулагдаж байгаа. PCR шинжилгээ өөрөө 28 мянган төгрөгийн өртөгтэй. Үүнд хамгаалах хувцас хэрэгсэл орно. Шинжилгээний үнэ өдрөөс өдөрт хямдарч байна.
Тухайлбал хоёр, гуравдугаар сарын үед өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 800-1 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Ханган нийлүүлэлтийг эрхийг олон байгууллагад олгосон учир үнэ хямдарч байгаа. Харин гадаадаас ирсэн иргэдийг шинжилгээнд заавал хамруулна. Энэ нь манай улсад ямар хувилбарын вирус орж ирж байгааг тодорхойлоход тусалдаг хэмээв.