Нийгэм

Хил хамгаалах байгууллага улсын хилийн дагуу нийт 6 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ

Хил хамгаалах байгууллага энэ оноос 2023 он хүртэл улсын хилийн дагуу нийт 6 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт 645 км газарт мод тарина. Ингэснээр говь хээрийн бүс дэх хилийн анги салбар бүр цэцэрлэгт хүрээлэнтэй болж, анги, салбар, застав бүрийн орчим 500 метр газарт модлог ургамал, бут тарьснаар хил орчмын дагуу хилийн шугамаас 10-20 км-т 15 метр өргөнтэй ногоон байгууламж бий болох аж.

Дээрх ажлыг тав таван жилээр төлөвлөн эхний ээлжинд модоо тарьж арчлан ногоон хэрэм байгуулж холбох байдлаар үргэлжлүүлэн хийнэ. Ингэхдээ мэргэжлийн агрономичийн тоог нэмэгдүүлж, анги, салбарын байрлалыг түшиглэн мод үржүүлэх газартай болж, мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн зөвлөгөөний дагуу ажлаа эхлээд байгаа талаар ХХЕГ-аас мэдээлж байна. Жил бүр төлөвлөн хийх учир хил хамгаалах үйл ажиллагаанд саад болохгүйг мэдэгдлээ.

Хилийн цэргийн анги, салбарууд жил бүр мод тарьдаг уламжлалын дагуу энэ жил 5 мянга орчим суулгац тариалаад байна.

Хилийн дагуу мод тарьж, ногоон хэрэм байгууламжтай болох нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалах хүчтэй салхи, шуурга бороонд мал уруудан хил давах зэрэг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ач тустай юм. Хилийн дагуу эхлээд худаг, булаг шанд говийн бүрд байгаа газар мод, бутлаг ургамал тарьж байна. Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгийн хил орчмоор 110 гаруй булаг шанд байдаг аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close