Эрүүл мэндийн салбарт хийж байгаа томоохон шинэчлэлүүдийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүд PCR шинжилгээ авдаг болсныг тэрбээр онцоллоо. Энэ ажилд 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Мөн бүсийн оношилгооны төвүүдэд ангиографын аппарат суурилуулж байгааг хэллээ.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 541 төрлийн эм багтдаг. Үүнийг Эм ханган нийлүүлэх 385 байгууллага импортоор оруулж ирдэг. Тэгвэл Засгийн газар олон улсын нэгдсэн худалдан авалтыг зохион байгуулж өгдөг болж байгааг Эрүүл мэдийн сайд С.Энхболд хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Засгийн газар олон улсын нэгдсэн худалдан авалтыг зохион байгуулах хүрээнд тухайн улстай нь гэрээ хийнэ. Тухайлбал, Швейцараас 15 төрлийн эмийг нэг бүрийг нь 1 ам.доллароор авахаар ярьж байна. Ингэснээр эм ханган нийлүүлэх байгууллагууд тухайн үнээр импортоор оруулж ирж, иргэдэд чанартай эмийг хямд үнээр өгөх боломжтой болно” гэлээ.
Эрүүл мэндийн тухай шинэ хуулийн хүрээнд эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих болсноор эмч ажилтнуудынхаа цалинг 2-50% нэмэх боломж бүрдсэн байна.
Цаашид нэгдүгээр шатлалын эмнэлэг буюу Өрхийн эмнэлгүүдийн үзүүлдэг үйлчилгээг нэмэгдүүлж, 50% байгааг 80%-д хүргэхээр зорьж байгаа аж. Нэг хүний үзлэгийн санхүүжилтэд Өрхийн эмнэлэгт 15,000 төгрөг төсөвлөдөг байсан бол 30,000 болгож, хоёр дахин нэмэгдүүлсэн ба дөрвөн үйлчилгээг нэмсэн гэдгийг мөн С.Энхболд сайд хэлсэн юм.