Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар эхлээд байна.
Дорнод аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр /2021.10.11/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг даргын орлогч бөгөөд Чойбалсан хотын дарга О.Пүрэв-Очир болон бусад агентлаг, иргэдийн төлөөлөл Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, Монгол дайчдын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж эхлүүллээ.
Энэхүү хөдөлгөөн нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, ойн санг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтйн нөлөөллийг бууруулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг үндсэн зорилготой бөгөөд 2021-2030 он хүртэл үргэлжлэх юм.
Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн: “Дорнодчууд бид Монгол улсынхаа төрийн тэргүүний дэлхийн хүн төрөлхтний өмнө зарласан “Тэрбум мод тарих хөдөлгөөн”-ийг дэмжиж, хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд хот суурин газар, авто зам, төмөр зам дагуу газар тариалангийн бүсэд ойн зурвас байгуулах, хот суурин газар ногоон байгууламж байгуулах, тал хээрт агро ойн аж ахуйн бүтэцтэй хувийн хэвшлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөөд байна.
Иргэн бүр, байгууллага бүр үзэл санаагаа нэгтгэж эвлэлдэн нэгдэж, идэвх санаачилгатай оролцож мод, жимс, эмийн ургамал, малын тэжээл тарьснаар ажлын байрыг олноор бий болгож амьжиргаагаа дээшлэхийн зэрэгцээ байгаль экологийн тэнцвэртэй байдал хангагдах, эко аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Мод ургамал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, эмийн ургамал тарих, мод үржүүлэх газрыг шийдвэрлэж эзэмшүүлэх, худаг уст цэг, усан сан бий болгох зэрэг ажлыг аймаг сумдын бодлого шийдвэрт тусган мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, аж ахуйн нэгж, нөхөрлөл, бүлэг хоршоог дэмжин ажиллаж үр үрсэлгээ ургуулж бэлтгэн хамтын оролцоо, бүх нийтийн дэмжлэг туслалцаатайгаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мөн тарьсан модоо ургуулах арга ухааныг хүн бүрийн зүрх сэтгэлд суулгаж, ургуулсан сайн туршлагыг түгээх соён гэгээрүүлэх ажил онцгой байр суурь эзлэх болно. Өвөөгийнхөө тарьсан модны сүүдэрт ач, зээ нар нь тоглодог гэдэг.
Мэдээж тарьсан мод болгоноо амжилттай ургуулах, түүнийг олон жилийн туршид арчилж тордох явдал хамгийн чухал билээ. Үндэсний энэ хөдөлгөөн нь ердөө өнөөдөр мод суулгаад өнгөрөх асуудал биш. Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулж ажиллахаас гадна, ногоон байгууламж хариуцсан ОНӨГ-ыг байгуулна.
Мөн гэр хороололд хүнсний ногоо, мод тарих өрхийг дэмжиж гүний худаг бүхий усжуулалтын системийг байгуулна. Орон нутгийн зүгээс “Ухсан бол ургуул” гэдэг шаардлагыг Дорнод аймгийн доод болон дээд баялгыг ухаж байгаа уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явуулдаг компаниудад тавьж, олборлосон бүтээгдэхүүний хэмжээгээр мод тариулж, байгалийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зарчмыг барьж ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.