Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олгохыг Засгийн газруудад уриаллаа. Тус байгууллага Сэтгэцийн эрүүл мэндийн олон улсын өдрийг тохиолдуулан ням гарагт шинэ тайлангаа танилцуулжээ.
Дэлхийн 171 улс орноос цуглуулан эмхэтгэсэн мэдээллээс үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгээс дэвшүүлсэн 2020 он гэхэд хүрэх сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах зорилтуудын нэг нь ч биеллээ олоогүй байна. Иймд ДЭМБ Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг 2030 он хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.
ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэнд, бодисын хэрэглээний хэлтсийн мэргэжилтэн Фахми Ханна эдгээр зорилтод хүрч чадаагүйн гол шалтгааныг санхүүжилт дутмаг байсантай холбон тайлбарлажээ. Түүний ярьснаар, Засгийн газрууд эрүүл мэндийн нийт төсвийнхөө ердөө 2.1 хувийг нь л сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж байна.
Мөн дэлхийн дийлэнх улс оронд сэтгэцийн эрүүл мэндэд зориулах төсвийг нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулахын оронд сэтгэцийн эмнэлгүүдэд зарцуулж буйг Ф.Ханна онцлон хэлжээ. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой өвчний улмаас шаналж буй бөгөөд сэтгэлийн түгшүүр, хямрал, хоёр туйлт болон хооллох эмгэгээс гадна шизофрени гэх мэт сэтгэцийн эмгэг хамгийн түгээмэл тохиолддог байна.
ДЭМБ-ын тайлан дахь мэдээллүүдийг 2019 онд цуглуулсан тул цар тахал дэгдэхээс өмнөх үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тусгасан байна. Гэвч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “COVID-19” хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд маш их нөлөө үзүүлж байгааг санал нэгтэй хэлж байгаа тул тэднийг эмчлэхэд илүү их хөрөнгө зарцуулах шаардлага тулгарч байна.
Цар тахлын үеэр ДЭМБ-ын хийсэн хоёр судалгаагаар мэдрэлийн өвчтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээ ихэд тасалдаж байгааг олж тогтоожээ. Тодруулбал, дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлага бий болсон 2021 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд улс орнуудын 23 хувь нь олон нийтийг чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээгээ хумьсан гэдгээ мэдээлжээ.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар, сэтгэцийн эрүүл мэндэд хөрөнгө оруулахаас татгалзах нь эдийн засгийн хувьд хор хохиролтой бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн түгээмэл эмгэг болох сэтгэлийн хямрал, түгшүүрээс болж ажлын бүтээмж буурах нь дэлхийн эдийн засагт жил бүр нэг их наяд ам.долларын хохирол учруулдаг. Харин эсрэгээрээ эдгээр асуудлыг эмчлэхэд хөрөнгө оруулсан ам.доллар тутамд таван ам.долларын өгөөж гардаг байна.