Хятадын Гадаад хэргийн яам АНУ-аас Тайваньтай харилцаагаа, түүний дотор зэвсгийн худалдаагаа таслан зогсоохыг шаарджээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян Баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ Тайванийн асуудал бол эмзэг сэдэв гэдгийг санаж, Тайваньтай албан ёсны болон цэргийн харилцаа холбоо, зэвсэг худалдаалах ажлаа зогсоох ёстой хэмээн мэдэгдсэн байна.
Wall Street Journal сэтгүүл АНУ-ын цэргийн бүрэлдэхүүн хуурай замын цэргүүдийг сургах ажлаар Тайваньд дор хаяж нэг жил нууцаар ажилласан байсныг Америкийн албан тушаалтнуудын үгнээс иш татан мэдээлж байсан. Хэвлэлд бичсэнээр АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус болон тусгай ажиллагааны ангиудын 20 орчим дайчид Тайваны хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд зориулан сургалт хийсэн байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ ажиллагаа дор хаяж нэг жил үргэлжилсэн.
“Нэг Хятад” зарчим бол АНУ, Хятадын харилцааны улс төрийн үндэс юм. Америкийн тал, БНХАУ, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлдээ Тайваньтай харилцаа холбоо, тэр дундаа тухайн бүс нутгийн соёл, худалдааны харилцаа холбоогоо хадгалах үүрэг хүлээсэн. Тайванийн асуудлын эмзэг байдлыг Вашингтон бүрэн ухамсарлах ёстой” хэмээн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Мөн Жао Лицян АНУ “Нэг Хятад” зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийн заалтыг чанд сахиж, АНУ, Хятадын харилцаанд хохирол учруулахгүй байх ёстой. Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг чухалчилж байна. Хятадын тал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна хэмээн мэдэгджээ.