Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Өвөрхангай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулна. .
Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их тохиолддог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, 16-28 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг зэрэг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм.
Мөн дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байна.
Тиймээс болзошгүй томоохон гамшгийн үед өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгааах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад сургалтын зорилго чиглэгдэж байна.
“Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль” нь “Гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.