Стокхолм хотноо утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг зарлалаа. Энэ оны Нобелийн шагналтнаар орчин үеийн Танзани улсын бүрэлдэхүүнд ордог Занзибар арлын зохиолч Абдулразак Гурна тодорчээ.
Гурна “колоничлолын үр дагавар болоод соёл, тив хоорондын ёроолгүй ангалд орсон дүрвэгчдийн хувь заяаны талаар хувиршгүй, нигүүлсэнгүй ойлголттой байсныхаа төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ гэж Шведийн хааны академийн Нобелийн хороо мэдэгджээ.
Абдулразак Гурна 1948 онд Занзибар арлын араб гаралтай мусульман шашинтнуудын гэр бүлд төржээ. Тэрбээр 20 настайдаа Их Британи руу нүүж, Кентийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоо англи хэлний тэнхимийн аспирантурыг удирдаж байна.
Гурна уран зохиолын гараагаа 1987 онд “Орхиод мордсон дуртгал” романаараа эхэлжээ. Нийтдээ арван номтой бөгөөд хамгийн алдартай нь Букерын шагналын жагсаалтад багтсан “Диваажин” (1994), “Далайн эрэг” (2001) романууд нь юм. Үүнээс гадна, колоничлолын дараах үеийн зохиолчдын талаар хэд хэдэн судалгаа бичжээ.
Тэрбээр пост колоничлолын өнцгөөс бичдэг Африкийн алдартай зохиолчдын нэг юм.
Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хамгийн сүүлд 35 жилийн өмнө буюу 1986 онд Африкийн зохиолч хүртэж байсан бөгөөд шагналыг Нигерийн зохиолч Воле Шойинкед олгожээ.