УИХ-ын Баасан гаригт болсон чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Засгийн газар хандан гаргасан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонссон. Танилцуулгыг Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар хийж, гишүүдийн асуултад хариулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нэг тонн нүүрс 3764 юань байна. Өнөөдөр бид энэ түүхэн боломжийг ашиглаж чадахгүй байна. Бид 42 сая тонн нүүрс гаргах ёстой. Гэтэл үүнийхээ дөнгөж 10-ыг 500 ам.доллараар зарахад 5 тэрбум ам.доллар олно. Энэ бүтэн жилийн төсөв гэсэн үг.
Цагаан хадан дээр 8 сая тонн нүүрс байна. Үүнийг бүгдийг нь зараад мөнгийг нь аваад хэрэглэсэн. Эндээс ямар ч орлого олохгүй. Үүн дээр Тавантолгойн удирдлагууд үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна.
Гашуунсухайтад 18 мянган машин явдаг. Үүний 6000-д нь С зөвшөөрөл өгдөг. Нэг машин С зөвшөөрлөө авахын тулд хоёр сая төгрөгийн авлига өгдөг. Нийт 12 тэрбум төгрөгийн авлига Авто тээврийн үндэсний төв дээр явж байгаа. Ганц улиралд шүү. Энэ авлигын асуудлыг яагаад хууль хяналтын байгууллага шалгадаггүй юм бэ.
Улаанбаатар хотын төвөөс Найрамдал орох хэмжээний зайд нэг машин нүүрсийг таван жилийн хугацаанд таван сая төгрөгөөр тээвэрлэж болоод байдаг байсан. Гэтэл одоо 100 сая төгрөг болчихсон байна. Энэ мөнгө хаашаа ороод байгаа юм бэ. Энэ чинь хүнд суртал, авлигын үнэ цэнэ.
Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: Цагаан хадан дээр байгаа нүүрсийг бүгдийг зарчихсан. Худалдаад авчихсан нүүрсээ хурдан авах хүсэлтээ Хятадын талаас тавьж байгаа. Харамсалтай нь, ковидын нөхцөл байдал бидний ажлыг үнэхээр сөхрүүлж байна.
С зөвшөөрлийн асуудлыг хууль хүчний байгууллага шалгах хэрэгтэй. Ер нь бол хэл амтай байдаг.
Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон: Авлига хээл хахуулийн асуудал манай салбарт байгаа нь үнэн. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа зүйлүүд ч бий. Гэхдээ бид аль болох ил тод шилэн болгохоор ажиллаж байна. Гэхдээ Гашуунсухайтын даац үнэхээр хэтэрчихсэн. Хүчин чадал багатай, жижиг боомт. Богинын тээврийн ханш өндөр байгаа учраас хүн бүхэн тийшээ тэмүүлдэг.