Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.10.08) коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө гол төлөв цар тахлын эсрэг III тунгийн хамрагдалтын талаар мэдээлэв. Өвчлөл тархах магадлал өндөр делта хувилбарын эсрэг хийгдэж байгаа III дахь тунг одоогоор 310 мянган хүн хийлгэжээ.
КОВИД-19 халдварын дельта хувилбарын давлагаа оргил үедээ хүрээд байгаана гэж ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан мэдээлж байна. Коронавирусын тархалтын түвшинг шинэ тохиолдлын тоо, эерэг эзлэх хувь, нас баралтын тоо гэх мэт хэд хэдэн үзүүлэлтээр үнэлж байгаа бөгөөд эндээс тархалтын тоо цаашид буурах хандлага ажиглагдаж байна гэдгийг ХӨСҮТ-ийн захирал дуулгав.
Вакцины хоёр тунд хамрагдсан 2.1 сая хүний 5 хувь нь буюу 100 мянга гаруй хүн халдвар авчээ. Харин гурван тунд хамрагдсан иргэдийн 1 хувь нь халдвар авч байна. Энэ 1 хувь дотроо 0.5 хувь нь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дотор өвчилсөн. Энэ хүмүүс вакцины хамгаалах нөлөөнд орж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 99.5 хувь хамгаалагдаж байна.
Одоо оргил үедээ тархаж буй халдварын давлагааны 90-ээс дээш хувийг Дельта хувилбар эзэлж байгаа бөгөөд Альфагаар өвдсөн хүмүүс ч Дельтагаар өвдөх боломжтой. Коронавирусын халдвараар дахин өвдсөн 16 мянган хүн байгаа гэж захирал Ц.Билэгсайхан мэдээлж байна.