Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 97 байршилд нийт 71.4 мянган тонн буюу нэг сарын хэрэгцээний сайжруулсан шахмал түлшний нөөц байгаа тухай Эрчим хүчний яам мэдээлэв.
Мөн шахмал түлш үйлдвэрлэлийн гол түүхий эд болох барьцалдуулагч бүтээгдэхүүний нэг сарын нөөц байгаа тул шахмал түлшний хомсдол үүсэхгүй. Гэр хорооллын бүсэд гэрээт 412 борлуулах цэг ажиллаж байна. Хэрэгцээ шаардлага, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан цэгийн тоог цаашид нэмэгдүүлэх юм байна.
Ташрамд дурдахад, Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэр гаргаад байгаа юм.