“Эрдэнэс Оюу Толгой” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлаар Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатыг томилсон байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, дээрх шийдвэрийг гаргажээ.
Үүнээс гадна “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлын хэтрэлттэй холбоотойгоор Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон ажлын хэсгийн гишүүд “Rio Tinto” компанийн төлөөлөлтэй цахим уулзалт хийсэн байна.
Гүний уурхайн зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсонтой холбоотойгоор хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд “Rio Tinto” компани хариу тайлбар ирүүлсэн юм. Засгийн газрын ажлын хэсэг тайлбарыг “Хангалтгүй” гэж үзсэн байна.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж “Rio Tinto” компани хангалттай хэмжээнд тайлбар ирүүлэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
“Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон “Rio Tinto”-оос зөрүүтэй дүгнэлт гаргасан. Тайлбарыг хангалтгүй гэж үзвэл дахин тайлбар ирүүлэхийг шаардана” гэж Х.Нямбаатар мэдээлж байсан юм.