ДэлхийдОнцлох мэдээ

Facebook бөөн нүгэл үйлдсэн ялд унаж, АНУ-ын Сенатад дуудагдлаа

АНУ-ын Сенатын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хороонд есдүгээр сарын 30-нд Facebook компанийн аюулгүйн хэлтсийн дарга Антингона Дэвисийн оролцсон сонсгол болж, тэрбээр Бүгд найрамдах нам, Ардчилсан намын аль алиных нь сенатын гишүүдийн асуултад хариулт, шүүмжлэлийг сонсохоос өөр аргагүй болсон юм. Ийм уулзалт болсон шалтгаан нь The Wall Street Journal-д гарсан цуврал мөрдлөг шалгалттай холбоотой шинэ нийтлэлтэй холбоотой.

WSJ-ын мэдээлснээр Facebook удирдлагууд Инстаграмын хүүхдийн хувилбарыг хөгжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ нь тухайн насны бүлгүүдийн дунд алдартай тикток, snapchat -тэй өрсөлдөх зорилготой гэнэ. Компанийн судлаачдын бүлэг шинэ зөвхөн 15-18 насны өсвөр насныхан төдийгүй 13 -аас доош насны хүүхдүүд гээд шинэ сонирхлын бүлгийг татахын тулд цэсийнхээ интерфейс, агуулгыг хэрхэн өөрчлөх талаар олж мэдэхийг оролдож байв.

Тэгсэн хэр нь компани олон нийтийн сүлжээ залуу хэрэглэгчдэд сөрөг нөлөөтэй гэдгийг сайн мэддэг байсан болохыг WSJ баталжээ. Энэ бол дэлхийн олон нийтийн хамгийн том сүлжээтэй холбоотой, Америкийн бизнес хэвлэлүүдэд сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд гарсан хэд хэдэн нийтлэлийн зөвхөн ганцхан агуулга нь аж. Тэгвэл Facebook сүүлийн үед ямар дуулианд ороод байгааг хүргэе.

Facebook асуудлаарх эхний сонсголын хурлын үеэр шалгалтын ажиллагааг санаачилсан хүний нэг, Ардчилсан намаас Сенатын гишүүн болсон Ричард Блументаль туслахуудаараа хэрхэн 13 настай охины аккаунт хуурамчаар үүсгэсэн, хэрхэн яаралтай турах тухай хэд хэдэн хуудсанд бүртгүүлсэн тухай ярьжээ. Олон нийтийн сүлжээ ганцхан хоногийн дотор л хооллох эмгэг, өөрийгөө зэрэмдэглэхэд хүргэдэг контентуудыг шинэ аккаунтад зөвлөж байсан гэнэ.

«Инстаграм бол хүүхдүүдийн эрт үедээ донтдог тамхи. Энэ нь хүүхдүүдийг үеийнхэн дундаа алдар нэртэй болох, эрүүл мэндээ аюулд оруулах эрмэлзлийг бий болгодог» хэмээн Ардчилсан намаас гарсан Сенатын гишүүн Эд Марки сонсгол дээр мэдэгджээ. Сенатын өөр нэгэн гишүүн Инстаграмыг механикийн доголдолтойд анхаарлаа хандуулсан. Олон нийтийн сүлжээ өсвөр насныханд аккаунт нээхэд саад болдоггүй бөгөөд насныхаа талаар худал мэдээлэхэд юу ч хийдэггүй гэжээ.

Компанийн аюулгүйн хэлтсийн тэргүүн Антигона Дэвис хамт олноо хэвлэлтэй харилцахад баримталдаг шугамыг барьж, WSJ-ийн мөрдөгчид Facebook-ийн олон дотоод баримтыг гуйвуулсан, үнэн хэрэгтээ инстаграм өсвөр насны олон хүүхдэд сэтгэцийн асуудлаа даван туулахад тусалдаг хэмээжээ.

Гэвч олон нийтийн сүлжээ өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд хортой тухай мөрдлөг шалгалт гарсны дараа Instagram-ын тэргүүн Адам Моссери хэвлэл мэдээлэл, хууль тогтоогчдын дарамт шахалт дор хүүхдийн цэсэн дээр ажиллаж байснаа зогсоосон гэдгээ зарлажээ. “Өсвөр насныханд аюулгүй инстаграм бүтээх нь сайхан санаа гэдэгт би одоо ч итгэлтэй байна. Гэхдээ бид эцэг эхчүүд, судлаачид, шинжээчидтэй ярилцах, нэгдсэн байр сууринд хүрэхийн тулд завсарлага авах бодолтой байна” хэмээн топ менежер мэдэгджээ.

Фэйсбүүкийг шүүмжлэлд оруулсан бас нэг асуудал нь VIP хэрэглэгчид

Facebook-тэй холбоотой бас нэг шүүмжлэл нь олон нийтийн уг сүлжээ нь VIP хэрэглэгчдийн жагсаалт нууцаар хөтөлж, загварчлалын энгийн алгоритмийг хэрэглэдэггүй болохыг WSJ баталж байна. Эдгээр «элит» хэрэглэгчдэд олон нийтийн сүлжээ дүрэм журмаа илт зөрчдөг байна. Өөрөөр хэлбэл хуурамч мэдээлэл тарааж, хүчирхийлэл уриалан дуудаж, хувийн мэдээлэл болон энгийн хэрэглэгчийн постыг яаралтай устгаж, банндаг гэнэ.

Үүнийг батлахын тулд WSJ Facebook-ийн дотоод тайланд дурдсан. Энд дэлхий даяар нэг сая гаруй хүнийг багтаасан жагсаалтыг шууд бичжээ. Жишээлбэл VIP жагсаалтын хэрэглэгчид коронавирусийн вакцины үхлийн аюултай гаж нөлөөний талаар ярьж, өндөр албан тушаалтан ардчилагчдыг педофилуудын нууц сүлжээ бий болгосон (энэ бол QAnon хэмээх хуйвалдааны онол) тухай буруутгаж болно. Фэйсбүүкийн «энгийн» хэрэглэгчид үүнийхээ төлөө түр банндуулах арга хэмжээ авна.

Өөр нэг жишээ бол өөрийг нь хүчирхийлсэн хэрэгт буруутгасан эмэгтэйтэй бичсэн мессэжээ олон нийтийн сүлжээнд цацсан Бразилын нэрт хөлбөмбөгчин Неймар. «ПСЖ»-ийн довтлогч тэрхүү эмэгтэйн нэрийг зарлаж, нүцгэн зургийг нь ил болгосон. Энгийн нөхцөлд бол ийм контентыг нийтэд ил болгосон бол хоёр талын зөвшөөрөлгүйгээр шууд устгадаг. Гэтэл Неймарын онцгой статусаас болоод түүний пост нээлттэй байдлаар нэг хоног илүү болсон юм. Ийм зөрчил гаргасан хэрэглэгчдийн аккаунтыг устгах ёстой. Гэвч Фэйсбүүкийн захиргаа спортын одыг олон нийтийн сүлжээнээс хөөгөөгүй юм.

Харин 2020 оны тавдугаар сард, АНУ-д цагдаа нар хар арьст Жорж Флойдыг хөнөөсний дараахан эмх замбараагүй байдал дэгдэхэд тухайн үеийн Ерөнхийлөгч Доналд Трамп “Дээрэм тонуулын төлөө буудах хэрэгтэй” гэсэн үгтэй постыг аккаунтдаа нийтэлсэн. Энэ пост загварчлалын автоматжуулсан системд 100-аас 90 оноо (энэ нь контент Facebook-ийн зарчмыг өндөр түвшинд зөрчсөн гэсэн үг) авсан ч Facebook-ийн тэргүүн Марк Цукербергийн тэргүүний оролцоотойгоор ил хэвээр байлгажээ.

VIP жагсаалтын хэрэглэгчдийн өөр нэгэн давуу тал нь тэдний контентыг бодит ажилтнууд хянан шалгадаг бол энгийн хэрэглэгчдийн постыг Фэйсбүүкийн автоматжуулсан систем болох алгоритм судалдаг. Тиймээс ч алдаа доголдол их гардаг учраас дараа нь маргаан гаргахад маш хүнд байдаг.

Жишээлбэл нэг хэрэглэгч цагаан өнгөний талаар гомдоллосны дараа үзэн ядалтыг дэвэргэсэн гээд аккаунтыг нь хаасан бол өөр нэг хэрэглэгч төрсөн өдрийн мэнд хүргэснийхээ төлөө хаалгажээ. 2020 онд Египетийн сэтгүүлч Хосам Эль-Соккари лалын радикалуудыг шүүмжилсэн ч систем нь эсрэгээрээ түүнийг хэт даврагчдыг дэмждэг гэж тооцжээ. Саяхан хөлбөмбөгийн “Ротор” клубын дасгалжуулагч Дмитрий Хохлов олон нийтийн сүлжээг өөрийнх нь нэрийг дурьдсан бүх постыг блоколдог, учир нь түүний овгийг украины иргэдийг доромжилдог хоч нэртэй андуурдаг гээд Facebook-ийг шүүхэд өгсөн байна.

VIP хэрэглэгчдийн эргэлзээтэй, асуудал дагуулсан постуудыг үргэлж амьд хүн тусгайлан авч шалгадаг байна. Тийм ч болохоор улстөрчид, жүжигчид, тамирчид энгийн хэрэглэгчдийн хувьд агшин зуурт устгагдах мэдээллийг тавих боломжтой болдог аж.

Facebook-ийг өөр юунд буруутгав

Хэрэглэгчдэдээ ялгавартай ханддаг нь Фэйсбүүк, Инстаграмын шүүмжлэлд өртдөг цорын ганц асуудал биш. Марк Цукерберг гээд компанийн удирдлагууд шинэ найзуудаа хайх, сонирхсон сэдвээрээ харилцах нь хүмүүсийг сэтгэл зүйн хүндрэлүүдээ даван туулахад тусална гэсэн байр суурийг нэлээд хэдэн удаа илэрхийлж байлаа.

Гэхдээ The Wall Street Journal-ын мэдээлснээр, Facebook-ийн удирдлагууд үнэн хэрэгтээ олон нийтийн сүлжээ нь өсвөр үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлж, өөрийгөө илүү дорд боддог болохыг сайн мэддэг гэжээ. «Төгс» бие галбир, сайхан амьдралд тэмүүлэх зэргээс болоод өсвөр үеийнхэн өөрсдийгөө шүтдэг хүмүүс, Инстаграм дахь танилуудтайгаа харьцуулж, сэтгэлээр унах, сэтгэл зүйн эрүүл мэндэд асуудал үүсэх, хоолны дуршил өөрчлөгдөх шинж илэрдэг гэнэ.

Facebook-ийг шинжээчид хэрэглэгчдийг хэт секси харагдах, лайк, үзэлтийнхээ төлөө чимээгүй өрсөлдөх зэргээс болоод олон хэрэглэгч өөрсдийгөө хангалттай нэр хүндтэй биш гэж бодож, түгшиж эхэлдэг гэсэн байна.

2020 онд компанийн судлаачид залуучуудын 40% нь Инстаграмаас болоод нийгмийн харьцуулалтыг таагүй үр дагаврыг мэдэрдэг гэсэн бол өсвөр насны охидын, ялангуяа бие галбиртаа шүүмжлэлтэй ханддаг хүүхдүүдийн 32% нь  олон нийтийн сүлжээ хэрэглэглэж эхэлснээс хойш байдал улам дордсон гэжээ. Facebook компани бүтээгдэхүүнийхээ хэрэглээнээс болж үүссэн ийм үр дагаврыг бууруулах ямар ч арга бодож олоогүй гэнэ.

WSJ-ын бас нэгэн материалд Фэйсбүүк Фэйсбүү хүчирхийллийн агуулга, худал мэдээллийг өөрийн мэдэлгүйгээр сурталчилж байна гэжээ. 2018 онд Цукерберг олон нийтийн сүлжээнийх нь шинэ алгоритм  хувь хүний ​​линк дэх гадны контентийн хэмжээг бууруулж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ илүү үр бүтээлтэй харилцахад тусална гэж зарласан.

Гэвч энэ өөрчлөлт огт эсрэгээрээ үр дүн өгч, мэдээллийн болон улс төрийн хуудсууд хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд сенсаацитай, вирустэй контент тавьж, ийм линкүүд улам олширсон аж. Ийнхүү линкийг хувьсган өөрчилснөөс болоод доромжлол, түрэмгийлэл, хүчирхийлэлд уриалсан мэдээллийн тоо өсчээ.

Жишээлбэл, шинэ бодлогын дагуу Facebook нь илүү “нийгмийн утга учиртай хариу үйлдэл” цуглуулдаг контентийг идэвхтэй тарааж эхэлжээ. Бодит байдал дээр энэ нь энгийн лайк нь ууртай эможигоос илүүтэйгээр бичлэгийг сурталчилдаг гэсэн үг юм. Гэр бүлийн энгийн гэрэл зураг ихэвчлэн ердөө л стандарт лайк цуглуулдаг бөгөөд Facebook алгоритм нь үүнийг сөрөг мэдээлэл өгөхөд сөргөлдөөнтэй эсвэл хоёрдмол утгатай үзэл бодолтой бичлэг шиг идэвхтэй сурталчилдаггүй.

Тиймээс, хэрэглэгчдийн хооронд илүү хувийн харилцаа тогтоох анхны санаа нь бүтэлгүйтэж, хүмүүс илүү их уурласан, бие биенээ илүү их доромжилсон контентуудыг илүү их хардаг болжээ. Үүний зэрэгцээ түрэмгийллийн илрэл нь гинжин урвал бий болгож, постны доор уурласан эможи эсвэл үхлийн хүсэлтэй сэтгэгдлүүд гарч ирэх тусам түүнийг алгоритм илүү идэвхтэй сурталчилж, доромжлол, дарамтын шинэ давалгааг бий болгодог байна.

Фэйсбүүк нь Мексикийн хар тамхи зөөвөрлөгчдөөс Азийн хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд зэрэг гэмт хэргийн байгууллагуудын онлайн оффис болон хувирсан гэж мөрдөгчид баталж байна

Олон нийтийн сүлжээний бас нэг сул тал нь модераторууд англи хэлтэй бус хэрэглэгчдийн дунд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг хянах чадваргүй гэж WSJ-д тэмдэглэжээ. АНУ, Их Британи, Канад зэрэг улсаад бусад оронд постуудын хяналт сул хөгжсөний улмаас Фэйсбүүк нь Мексикийн хар тамхи зөөвөрлөгчдөөс Азийн хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд зэрэг гэмт хэргийн байгууллагуудын онлайн оффис болон хувирсан гэж мөрдөгчид баталж байна. Энэ компанид хууль бус контентыг хянах, устгах гадаадын захиргааны хангалттай тооны ажилтнууд байхгүй.

WSJ-ын мэдээлснээр, Эстоноос Этиоп хүртэлх янз бүрийн улс орнуудад үндсэрхэг үзэлтнүүд, хэт даврагчид Фэйсбүүкийг үзэн ядалтыг өдөөр талбар болгон ашигладаг аж. Жишээлбэл, Этиопын засгийг дэмжигч бүлгүүд тиграй угсаатны цөөнхтэй холбоотой хүчирхийлэлд ил цагаанаар уриалан дуудаж, тэднийг “хавч”, “цөөврүүд” хэмээн нэрлэж, устгахыг шаарддаг байна. Мэдээлэлтэй ажиллах мэргэжлийн хүмүүс байхгүйн улмаас ийм постууд вирус мэт тархаж, устгахаас өмнө удаан хугацаанд хэдэн мянган хэрэглэгчид хүрч амждаг гэнэ.

Өөр нэгэн дуулиан тарьсан тохиолдол нь Мьянмарт аж төрдөг рохинжа ард түмний эсрэг кампанит ажил юм. 2018 оны наймдугаар сард фэйсбүүкт лалын шашинтнуудыг үзэн ядсан олон мянган пост, коммент, бичлэг орж, буддын шашинт мьянмарчууд тэднийг гахай, нохойгоор нь дуудан Мьянмараас хөөхийг уриалж байжээ.

Reuters-ийн сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд ийм зүйл тархсан нь ойлгомжтой гэж тайлбарладаг. 2015 онд Facebook компани бирм хэлтэй ганц л модератортой байжээ. Сүүлд нь тэднийг тоог нэмэгдүүлж 4 болгосон бол саяхнаас 60 болгожээ.

Эцэст нь Цукерберг олон нийтийн сүлжээгээр ковидын эсрэг вакциныг сурталчлахад ашиглах хүсэлтэй гэж байсан ч Facebook вакцины эсрэг үзэлтнүүдийн урсгалтай тэмцэж чадаагүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны долоодугаар сард компанийг хуйвалдааны онолыг тараагчидтай идэвхтэй тэмцэж чадаагүй гээд шүүмжилсэн байна.

WSJ-ын мэдээлснээр, олон нийтийн сүлжээний хэрэгслийн төлөөлөгчид сүлжээгээр нь худал мэдээлэл, хуйвалдааны онолыг ихээр тарааж байгааг сайн мэдэж байсан ч удирдлагууд нь эдгээртэй тэмцэх үр дүнтэй ямар ч арга хэмжээ санал болгоогүй гэжээ. 2021 оны хавар Facebook-т коронавирусийн тухай англи хэлтэй постнуудын 41% нь үнэндээ вакциныг шүүмжилсэн, эсэргүүцсэн утгатай байсан бөгөөд хэрэглэгчид эндээс хоногт 775 сая вакцин эсэргүүцэгчийн постыг үздэг нь тогтоогджээ.

Энэ бүгдийг Facebook хэрхэн хүлээн авав?

WSJ-ын мэдээллээр, Facebook-ийн эрх бүхий ажилтнууд корпорацийнх нь асуудал ийм том хэмжээнд хүрч, үүнээс болоод бүхнийг хянах боломжгүй болсонд түгшиж эхэлжээ.

Гэхдээ сүлжээний удирдлагууд олны өмнө энэ бүх асуудлыг үгүйсгэсэн хэвээр байгаа юм. Facebook-ийн олон улсын хэрэг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Клегг « Facebook-ийн баримт» гэх эдгээр материал худал таамаглал дээр үндэслэсэн, компани хувийн судалгааныхаа үр дүнг зориудаар тоомсорлодоггүй мэт болгожээ гэсэн байна.

Харин материалуудыг гаргаж ирсэн хүмүүс Facebook-ийг хэрэглэгчдээ аюулгүй байлгаж, тэдэнд тав тухтай орон зай үүсгэхийн тулд хангалтгүй ажилласан гэж дүгнэжээ. Компанийн төлөөлөгчид боломжтой бүхнийг хийж байгаа ч заримдаа 2 тэрбум гаруй аккаунтаа биетээр хянаж чаддаггүй гэсэн байна. Энэ асуудал нийтийн орон зайнаас эрх зүйн салбар луу шилжиж, материал нийтлэгдсэнээс хойш хэд хоногийн дараа холбооны шүүх олон нийтийн удирдлагуудыг рохинжагийн эсрэг хүчирхийлэлд уриалсан постуудыг устгасан тухай материалаа ил болгохыг шаарджээ.

Эх сурвалж: MEDUZA

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close