Санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилт хийв

 УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал хураалтад ашиглах санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилтыг СЕХ-ноос өнөөдөр хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн 59, Хэнтий аймгийн 89 хэсгийн хорооны нийт 212 санал тоолох төхөөрөмжөөс Сонгуулийн Ерөнхий хорооны төв серверт өгөгдөл дамжуулах уг туршилтын ажилд сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнээс гадна нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид оролцов.

Туршилтаар санал тоолох төхөөрөмжүүд хэсгийн хороо тус бүрт бүрэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад механик гэмтэл авсан эсэхийг шалгасан. Мөн төхөөрөмжийн саналын хуудас унших, үр дүнгийн тайлан хэвлэх, өгөгдөл дамжуулах ажиллагаа хэвийн байгаа эсэхийг болон үр дүн дамжуулж буй сүлжээний найдвартай байдлыг туршсан. Энэ нь сонгуулийн үеэр ажиллах мэдээллийн технологийн даамалд санал авах өдрөөс өмнө санал тоолох төхөөрөмжтэй ажиллах дадлага болдгоороо давуу талтай аж.

Монгол Улс 2012 оны УИХ-ын сонгуулиас  эхлэн сонгогчийн санал авах ажиллагааг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд санал тоолох төхөөрөмжийн дүн, гар аргаар тоолсон дүнгээс зөрсөн тохиолдол байгаагүй юм. Энэ удаагийн нөхөн сонгуулиар 100 хувь буюу бүх хэсгийн хороодод саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжийн дүнтэй тулгаж, хяналтын тооллого хийх юм.

Дээрх хоёр тойрогт 8 нам, 1 эвслийн 14 нэр дэвшигч, хоёр бие даан нэр дэвшигч бүртгүүлэн сурталчилгаагаа явуулж байна. Санал хураалт энэ сарын 10-нд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close