Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр нь олгох хамтын ажиллагааг эхлүүллээ.
Уг хамтын ажиллагаа нь “Facebooк” компанийн 2021 оны дөрөвдүгээр сараас Монголын интернэт хэрэглэгчдэд боловсрол олгох, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чаддаг, эерэг, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх “We Think Digital” боловсролын төслийн дараа эхэлсэн бөгөөд хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), MFCC тэргүүтэй байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Faro Foundation Mongolia” ТББ Монгол улсад хэрэгжүүлж байгаа юм.
Уг хамтын ажиллагааг эхлүүлэх цахим уулзалтын үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Facebook компани болон Faro Foundation Mongolia ТББ-д Монголчуудын боловсролд хувь нэмрээ оруулж байгаад гүнээ талархаж байна. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон сорил бэрхшээлтэй тулгарч, цар тахлын улмаас хүүхэд залууст боловсролын хоцрогдол үүсээд байгаа” гээд “Бид алдагдсан цаг хугацааг нөхөж, хүүхэд залуусынхаа боловсролд ихээхэн анхаарал хандуулааар ажиллаж байна. Боловсролын яам Facebook компанитай хамтран Монголын хүүхэд залуусын ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж байгаад туйлын баяртай байна.” гэв.
“Facebook” компанийн Ази номхон далай, Хонконг, Монголыг хариуцсан олон нийтийн бодлого зохицуулалтын газрын захирал Жорж Чен: “Facebook компани We Think Digital хөтөлбөрөөр дамжуулан 1000 багшид тоон бичиг үсгийн сургалт явуулж, сүүлийн үеийн мэдлэг мэдээллээр хангахаар БШУЯ-тай хамтарч ажиллах болсондоо баяртай байна” гээд “Бид аль болох эртнээс энэ төрлийн боловсролыг олгох нь ирээдүйн интернэт орчныг илүү аюулгүй, эерэг болгоно гэдэгт итгэдэг” гэхийн сацуу сургалтанд хамрагдах 1000 багш нь ирээдүйд шинээр гарах олон шинэ технологийг ашиглах чадварыг илүү олон хүнд түгээн дэлгэрүүлэх анхдагчид байх болно гэдгийг онцолсон юм.
Дижитал иргэншил, тоон бичиг үсгийн боловсрол зайлшгүй шаардагдаж буй энэ цаг үед “Facebook” компани “We Think Digital” хөтөлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сараас Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү хөтөлбөрт тасралтгүй хөгжин өөрчлөгдөж буй цахим ертөнцөд хэрэглэгч өөрийн эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, хувийн аюулгүй байдлыг хангах, хүлээн авч буй мдээлэлдээ нухацтай хандах, зөвийг агуулгыг түгээх, хамгийн чухал нь бусадтай хэрхэн зөв харьцаж, эерэг орчныг бүтээх талаарх сэдвүүдийн талаар тусгасан байдаг. “We Think Digital” төсөл нь 2019 онд Монгол Улсад нээлтээ хийсэн “Digital Literacy Library”-ийн сайжруулсан хувилбар гэж үзэж болох юм.
Хөтөлбөр нь дижитал иргэншил, цахим аюулгүй байдал, бусдыг үзэн ядсан үг хэллэг ба бусдыг дээрэлхэх үйлдэл, хувийн нууцлалыг хамгаалах болон хуурамч мэдээллийн эсрэг зэрэг сэдвүүдийг хамарсан, найман модуль бүхий хичээлтэй.
“Faro Foundation Mongolia” ТББ нь төслийн эхний шат болох нийгмийн мэдээллийн сүлжээний кампанит ажлыг амжилттай явуулж, олон нийтэд төслийн талаар таниулсан. Мөн олны танил эрхмүүд болон салбарын мэргэжилтнүүдийг урьж, дижитал иргэншилтэй холбоотой асуудлын талаар цуврал хэлэлцүүлгүүд өрнүүллээ. Энэхүү санаачилга нь олон хүнд хүрч, тоон бичиг үсгийн ач холбогдлыг олон нийтэд таниулсан юм.
Мөн “We Think Digital” найман удаагийн үнэ төлбөргүй сургалтыг цахимаар зохион байгуулж, сургалтанд хамрагдсан 1000 гаруй оролцогчдод сертификат гардууллаа. “Facebook” компани БШУЯ-тай хамтран 1000 багшид тоон бичиг үсгийн боловсрол олгож, дижитал иргэдийг эерэг хариуцлагатай болж төлөвшихөд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
“Facebook” компани Ази, Номхон далайн бүсийн мэргэжилтнүүд, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон багш нарын төлөөлөлтэй хамтран сургалтын материалууд боловсруулсан бөгөөд дараах холбоосоор орж цахим хичээлийг татаж авах боломжтой: www.wethinkdigital.fb.com
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах албан ёсны хуудсуудаас авна уу.
- Facebook хуудас:com/wethinkdigitalmn/
- Instagram хаяг:com/wethinkdigitalmn