Дулааны төв шугамын 2021 оны зуны засварын ажлууд бүрэн хийгдэж дууссан байна.
Харин аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг аравдугаар сарын 1-нээс өгч эхлэн өнөөдрийн байдлаар халаалт залгалт 89%-тай байгааг УБДС компаниас мэдээллээ.
“Хасу мегаватт” ХХК-ийн гүйцэтгэж буй нэгдүгээр хорооллын араар шинээр татаж буй 2ф700мм-ийн голчтой 3.2 хос.км шугам угсралтын ажил 72%-д хүрчээ.
ЕСБХБ-ний санхүүжилтээр 8в /ДХ829-ДХ838/ магистралийн дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэгч “Энергио сервис монтаж” ХХК батлагдсан графикийн дагуу шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг хийж дууссан бөгөөд одоогийн байдлаар шугам дулаалах, нөхөн сэргээлт тохижилт хийгдэж, ажлын гүйцэтгэл 99%-тай байгаа аж.
Цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдаж энэ жил ДЭХ гэрээг цахимаар байгуулан ажиллаж байна. 2,822 гэрээ байгуулахаас одоогийн байдлаар 2,285 хэрэглэгчтэй гэрээг байгуулжээ.
Мөн шинээр төвлөрсөн дулаан хангамжид холбогдохоор 380 гаруй хэрэглэгчийн гэрээг цахимаар хийхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсгүүрүүдийг (ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, АДС) ДҮТ ТӨХК-аас батлагдсан горимын дагуу ажиллаж, дамжуулах сүлжээний даралт өргөх насос станцууд, дулаан дамжуулах төвүүдийг хэвийн горимоор ажиллуулан хотын сүлжээнд холбогдсон нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байгааг тус компаниас онцлов.