Энэтхэг улс коронавирусийн хүндрэлийн улмаас нас барсан хүн бүрийн ар гэрийнхэнд 674 долларын нөхөн олговор олгохоор болжээ.
Нөхөн олговор олгох тогтоолыг тус улсын Дээд шүүхээс гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус улсад COVID-19-ийн 400 мянга гаруй нас баралт бүртгэгдээд байгаа юм. Мөнгийг нас барагсдын ойрын төрөл төрөгсөд хүсэлт гаргаснаас хойш сарын хугацаанд авах боломжтой. Зөвхөн албан ёсоор коронавирусээс болж нас барсан гэдэг нь батлагдсан тохиолдолд л өгөх юм байна.
Нөхөн олговрыг мужийн төсвөөс гаргана гэж заажээ. Үүнээс болоод нэлээд маргаан дэгдээд байна. Энэтхэгийн зарим муж нөхөн олговрыг мужийн төсөвт томоохон дарамт учрууллаа гээд, холбооны засаг захиргаанаас мөнгө олгох ёстой гэжээ. Тэгвэл зарим муж хоёр дахин их мөнгө өгөх шийдвэр гаргасан байна. Одоогийн байдлаар 20-иод өрх нөхөн олговроо авчээ.
Эх сурвалж: TSN