Монгол Улсад орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Монголын багш нарын 55 дахь өдрийн баяр өнөөдөр тохиож байна.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй тус яамны удирдлагын хамт олон өнөөдөр өглөө эртлэн гарч, Улаанбаатар хотын захын хорооллын дунд сургуулийн багш нарт баяр хүргэж, цэцгийн баглаа барив.
Сайд Л.Энх-Амгалан “Хүний оюун ухаанд эрдмийн үр тарьж мэдлэгийн баялаг ургуулна гэдэг энэ орчлонгийн хамгийн том буян. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш боловсролын салбарынхан маань сайн муу олон ч зүйлийг үзсэн бас давж гарч чадсан. Ар гэр, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг нь цогцоор нь шийдэж чадаагүй багшаас амжилт, үр дүн нэхэхэд хэцүү гэдгийг маш сайн ойлгож байна.
Олон ч багш цалингаа нэмэгдүүлэх хүсэлтийг надад ирүүлдэг. Би багш нарынхаа хүсэл, мөрөөдлийн талд 100 хувь зогсоно. Сайдын хувьд чадахаараа хичээж нааштай шийдвэр гаргуулахын төлөө хичээн ажиллаж байгааг хэлье.
Бид багшаас байнга чанар нэхдэг. Хүүхдээ багшид л даатгадаг. Багш нар маань дээд тал 50 гаруй хүүхэдтэй агааргүй орчинд найман цаг зогсоно. Байнгын хуурай шохой хэрэглэж уушгиа бохирдуулна. Зургаан настай хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн ачаалал үнэхээр их байгаа. Багш нарын баярын энэ сайхан өдөр хүн бүр багшдаа баяр хүргээсэй, сэтгэлээсээ халуун дотно үг хэлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
Эрдэм номын их өргөөний үүдэнд тосон авч, боловсрол, мэдлэгийн хураар түмний хүүхдийг тордож, эх орны хөгжлийн үндэс суурийг тавьсан үе үеийн эрдэмтэн багш нартаа Монголын багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Багш хүний олон жилийг зүтгэлийг зөв үнэлэх нь энэ мэргэжлийн нэр төрийг өргөх шалтгаан болно. Эрдмийн их уурхайн оюуны баялаг бүтээгч та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн Монголын мянга мянган багш нарт баярын мэндчилгээ дэвшүүлжээ.