Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт тус сангийн ерөнхий захирал Кристалина Георгиевагийн хэргийг эрчимжүүлэн шалгаж, түүнтэй биечлэн ярилцахаар болсноо мэдэгдэв. Тэрбээр Дэлхийн банкны ажилтнуудыг Хятадын эрх ашигт нийцүүлж мэдээлэл засварлахыг шаардсан хэргээр шалгагдаж байгаа юм.
Тус зөвлөл энэ Даваа гаригт уг хэргийг мөрдөж буй “WilmerHale” фирмийн хуульчдаас мөрдөн байцаалтын тайлангийн талаар асууж тодруулахаар болжээ. Энэхүү тайланд 2017 онд Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Георгиева ажилтнуудаа “Doing Business” тайлан дахь мэдээллийг Хятадын эрх ашигт нийцүүлэн засварлахыг шаардаж байсан талаар дурджээ.
Уг буруутгалыг эрс няцааж буй Георгиева аравдугаар сарын 11-нээс 17-ны хооронд ОУВС, Дэлхийн банкны жил тутмын уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Мягмар гаригт виртуал илтгэл тавих юм. Мөн ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөлтэй биечилсэн ярилцлага хийх бөгөөд үүнээс тус сангийн хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгийг хүлээх эсэх нь ихээхэн шалтгаалах аж.
Одоогийн байдлаар тус сангийн хамгийн нөлөө бүхий гишүүд буюу АНУ-ын тэргүүлэгч хувьцаа эзэмшигчид энэ талаар олон нийтэд мэдэгдэл хийхээс татгалзаж, хяналт шалгалтын дүнг хүлээхээр шийдсэн байна. Харин Их Британи өнгөрсөн долоо хоногт асуудлыг ил тод байдлаар мэдээлэхийг зорьж байгаагаа “Reuters” агентлагт дуулгажээ.
Дэлхийн банк “WilmerHale”-д 2020 оноос ил болоод буй “Doing Business” дэх мэдээллийн зөрчлийг судалж, Георгиеватай холбоотой дүгнэлт гаргахыг хоёр долоо хоногийн өмнө үүрэгдсэн юм. Энэхүү шалгалтыг АНУ-ын Колумбия дүүргийн прокурор асан Рон Макен хариуцаж буй. Тэрбээр “WilmerHale”-ийн өмгөөллийн болон мөрдөн байцаах ажиллагааны даргын албыг хашдаг аж.
Мөрдөн байцаалтаар Георгиева болон Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Жим Ён Ким нар албаны хүмүүст шахалт үзүүлэх замаар мэдээлэлд өөрчлөлт оруулсан нь тогтоогдож буй. Тодруулбал, хөрөнгө оруулалтын урьдчилсан тайлан гэгддэг “Doing Business 2018” судалгаан дахь БНХАУ-ын чансаа 85-аас 78 дугаар байр руу шилжжээ. Дэлхийн банкны удирдлагууд тухайн үед нэн шаардлагатай байсан хөрөнгө ахиулах асуудлаар Бээжингийн дэмжлэгийг хүлээх зорилготой байсан гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: REUTERS, NEWS