Нийслэлийн гэр хорооллын өрхийг түлшээр хангадаг Тавантолгой түлш Төрийн өмчит компанийн өнгөрсөн долоо хоногт ажил хаялт зарлахаа мэдэгдэн, үйлдвэрийн хашааны гадна талд эсэргүүцлээ илэрхийлж байв. Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилладаг ажилчид олон сараар цалингаа бүтэн авч чадахгүйд хүрч, үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан тухай энэ үеэр мэдэгдэж байсан билээ.
Есдүгээр сарын сүүлчээс эхлэн хүйтэрч байгаа учраас нийслэлийн гэр хорооллынхны гол найдвар болсон түлшний цэгүүд оочерт дарагдаж, түлш ховор байгаа нь сөрөг хүчнүүдийн зүгээс УИХ-ын нөхөн сонгуультай давхацуулсан уламжлалт “улс төр” хийх шалтгаан болж өгч байна. Тавантолгой түлш компанийн түлш тасалдаж байгаа асуудал өнөөдөр Нийслэлийн ЗДТГ болон салбарын Эрчим хүчний яамны анхааралд давхар оржээ.
Өчигдөр (2021.10.04) Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийж, сайжруулсан шахмал түлшний хомсдлыг зохицуулах болон Тавантолгой түлш компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга өчигдөр Тавантолгой түлшийн удирдлагуудад хандаж “Цалин, урамшууллаа тавьж чадахгүй байхад хэн наад үйлдвэрт чинь ажиллах юм бэ. Ерөнхий сайдтай та нарын саналыг хэлэлцэж ярилцмаар байна” хэмээн хэлж байсан бол салбарын сайд Н.Тавинбэх “Үйлдвэрийн ажилчдаас нийгмийн даатгалын өрийг яаралтай барагдуулах, ажлын хувцасны нормыг шинэчлэх, цалин хөлсийг цаг хугацаанд нь тавих болон хамтын хэлэлцээрийг албажуулах тухай хүсэлтийг Эрчим хүчний яаманд ирүүлсэн нь үнэн” гэдгийг нотлов.
Үйлдвэрийн удирдлагууд нийгмийн даатгалын 6.5 тэрбум төгрөгийн өрийг хуримтлуулаад байсан бөгөөд өрийг энэ долоо хоногт багтаан барагдуулахаар санхүүжилтийн асуудлыг шийдэж өгчээ. Ажилчдын хувьд авч байгаа цалингаа банкны өрөнд өгөөд дуусдаг гэсэн асуудлыг хөндөж байсан бол Эрчим хүчний яам Тавантолгой түлш компанийг харилцагч банкныхаа тоог нэмж, хүссэн банктай хамтарч ажиллах шийдвэр гаргах үүргийг удирдлагуудад нь өгчээ.
Компанийн удирдлагууд үүссэн нөхцөл байдлыг маргаанд хүргэхгүйгээр шийдэх боломжтой байсан ч зохицуулахыг хичээгээгүй, хариуцлагагүй ажилласан. Удирдлагуудтай бид хариуцлага тооцно. Дахин ийм алдаа гаргахгүй байхаар үүрэг даалгавар өгсөн гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдэж байна.
Мөн хэвлэлээр гарсан зарим мэдээлэл нь ташаа байсан. Жишээлбэл, үйлдвэрийн ажлын хувцас огт олгодоггүй гэсэн асуудлыг шалгаж үзэхэд зуны болон өвлийн ажлын гутал, хувцсыг одоо байгаа журмын хүрээнд хангаж ирсэн. Мөн ажлын байран дээрээ цайны газар ажиллуулан хоол ундаар хангаж, цалин хөлс, сарын урамшууллын хөлсийг хоёр хувааснаас бусдаар тавьж байгаа юм билээ гэв.