Төлбөрийн тэнцэл энэ оны 7 дугаар сард 245.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 39.9 сая ам.доллароор багаслаа.
Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 603 (99 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Үүнд анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 462.2 сая ам.доллароор нэмэгдэж, нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлөв.
Харин урсгал дансны алдагдал энэ оны 7 дугаар сард 356.9 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 5.2 сая ам.доллароор багаслаа.
Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 411.8 сая, зарлага нэг тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 35.7 сая ам.доллароор нэмэгдэж, зарлага 136.1 сая ам.доллароор багасав.
Хөрөнгийн данс энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 65.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 5.8 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Харин хөрөнгийн дансны ашиг өнгөрсөн 7 дугаар сард 8.7 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 2.5 сая ам.доллароор багасжээ.
Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 917.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 375.2 сая ам.доллароор нэмэгдлээ. Харин санхүүгийн дансны ашиг 7 дугаар сард 148.8 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 121.2 сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний 7 сард 343.7 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2021 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 43.5 сая ам.доллароор багасаж, 300.1 сая ам.доллар болсон байна. Харин төлбөрийн тэнцэл өнгөрсөн 7 дугаар сард 245.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхааас 39.9 сая ам.доллароор багасжээ.