-“Хонгил өмгөөлөгч” гэх Б.Баасанцогтын дүрс бичлэгт бичигдсэн шүүгчдэд авах сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болжээ-
Хууль, шүүхийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг 2021 оны нэгдүгээр сард олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын ажилтан П.Чулуунбаатар нарын дүрс бичигдсэн.
Эдгээр шүүгчдэд энэ оны тавдугаар сарын 25-ны шүүхийн магадлалаар сахилгын шийтгэл ногдуулахаар болсон. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны уг магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Тодруулбал, шүүхээс дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо нь бичлэгийг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнээгүй, нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, тодорхой, нэг бүрчилсэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийсэн үндэслэлээр З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болов.
Өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлаар тавдугаар сард Монголын Өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн зөвлөл хуралдаж түүний өмгөөлөх эрхийг эрхийг хоёр жилээр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан юм.