ОХУ-ын шадар сайд Татьяна Голикова “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдсэний улмаас хүнд хэцүү үе эхэлж байгааг анхааруулав. Тэрбээр энэ тухай Засгийн газрын дэргэдэх нийгмийн тэтгэмжийн асуудал хариуцсан зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэлэхдээ мэдэгдсэн байна. “Болгоомжтой байж, хязгаарлалтын бүх арга хэмжээг дагаж мөрдөн өөртөө болон хайртай хүмүүстээ анхаарал тавихыг та бүхнээс хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.
ОХУ-д сүүлийн гурван долоо хоног коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн талаар Роспотребнадзорын тэргүүн Анна Попова өмнө нь мэдээлжээ. Түүнчлэн есдүгээр сараас амьсгалын замын цочмог вируст халдвар буюу томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэн байна.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдээлснээр, ихэвчлэн вакцин хийлгээгүй хүмүүс коронавирусний халдвар авч, эмнэлэгт хэвтэж байгаа аж.
Есдүгээр сарын 29-нд ОХУ-д коронавирусний улмаас 867 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болжээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш нийт 207 255 хүн коронавирусний улмаас нас барсан байна.