Өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт самарт явсан иргэд осолдож, хоёр хүний амь нас хохирчээ. Мөнгөнморьт суман дахь Зүүнбүрх голд иргэд автомашинтайгаа живсэн гэх дуудлага Төв аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд оройн 21:00 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ослын газарт очсон байна.
Осолдсон автомашинд байсан иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба машинтайгаа гол руу орсон байжээ.
Машиныг жолоодож явсан иргэн голын эрэг дээр эсэн мэнд гараад байсан бол зорчиж явсан 52 настай эрэгтэй Э, 44 настай эрэгтэй Б нар нас барсан байна. Алба хаагчид иргэдийн цогцсыг гаргаж, Мөнгөнморьт суман дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.