БНАСАУ-аас харвасан пуужин нь баллистик пуужин байх магадлал өндөр гэж Киодо агентлаг вэбсайтаараа дамжуулан мэдээлжээ. Өмнө нь БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн алба БНАСАУ Япон тэнгис рүү үл таних бүрхүүл харвасан хэмээн мэдэгдсэн билээ.
Гурав хоногийн өмнө БНАСАУ Япон тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан бөгөөд пуужингийн төрөл, хаанаас хөөргөсөн тухай тодорхой мэдээлэл гараагүй байсан юм. БНАСАУ есдүгээр сар гарснаас хойш ойр ойрхон хэд хэдэн пуужин харвасан. Тухайлбал 9 -р сарын 15 -нд хэдэн минутын зөрүүтэйгээр Японы тэнгис рүү хоёр пуужин хөөргөсөнөө Хойд солонгос мэдэгдэж байв.
Энэхүү пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж үзэж байгаа бөгөөд Японы Батлан хамгаалах яам Пхеньяны энэхүү үйлдлийг “Япон зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ноцтой асуудал” гэж мэдэгдэж байлаа.
Есдүгээр сарын 13-нд БНАСАУ мөн алсын тусгалтай шинэ далавчит пуужин туршсан. Тус улсын улсын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр пуужингийн тусгал нь 1.5 мянган км хэмээн мэдээлсэн юм.