УОК өнөөдөр хуралдаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг энэ оны 11 дүгээр сарын 1 хүртэл 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийг коронавирусний “Дельта” хувилбарын оргил үеийн хугацаанд эмнэлгийн ачаалал ихсэж, нас баралтын тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй гэсэн эрдэмтэн судлаачдын саналыг харгалзан гаргасан гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү тус комиссын шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Түүнчлэн коронавирусний вакцинд хамрагдаагүй байхдаа хилийн чанадаас ирж буй иргэдийг ирэх сарын 15-наас эхлэн тусгаарлан ажиглах байранд оруулахгүйгээр нисэх буудалд шинжилгээ аваад гэрийн ажиглалтад шилжүүлж байхаар шийдвэрлэжээ. Одоо вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 7 хоног байлгаад гэрийн ажиглалтын 7 хоногт шилжүүлж байгаа юм.
Мөн оюутны дотуур байранд халдварын тархалт нэмэгдэж буй тул халдвар авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах, хөнгөн тохиолдлыг эмчлэх байрны асуудлыг шийдвэрлэхийг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт үүрэг болгожээ. Улмаар Алтанбулаг боомтоор орж ирж буй тээврийн хэрэгслийн толгойг сольдог журмыг хүчингүй болгосон байна.