Дэлхийн томоохон, алдартай франчайзуудын гаргадаг кофе бүтээгдэхүүн нь амт болон үнэрийн хувьд хувийн, жижиг кофены газрынхаас төдийлөн ялгаагүй болохыг БНСУ-ын Гёнсан их сургуулийн Хоол, хүнс судлалын тэнхимийн эрдэмтдийн эрхлэн явуулсан судалгааны тайланд танилцуулсан байна.
Тэд туршилтын хүрээнд, электрон үнэрлэгч болон амтлагч төхөөрөмж ашиглан нийт 10 кофены амт, үнэрт нарийвчилсан шинжилгээ хийж, үзүүлэлтүүдэд нь харьцуулалт хийжээ. Үүнд, томоохон франчайз, хувийн, жижиг кофе шоп болон кофег олон тоогоор гаргадаг гэсэн үндсэн 3 төрлийн газар багтсан бөгөөд үр дүн нь бариг адил гарцгаасан аж.
Үүнээс үндэслээд, дийлэнх кофе хэрэглэгчид тухайн кофены амт, үнэрийг үндсэн шалгуур болгохоос илүүтэй өнгө төрх, нэр хүндэд нь ач холбогдол өгөх хандлагатай байгааг холбогдох судалгааны багийн ахлагч Шин Юичол мэдээлсэн байна.
БНСУ нь 2018 оны байдлаар, дэлхийн хамгийн их кофе импортлогч улсуудын жагсаалтад 6-р байранд бичигдэж байсан бөгөөд насанд хүрсэн нэг иргэн жилд дунджаар 353 аяга кофе уудаг гэсэн тооцоо гарч байсан юм. Мөн Солонгосын хэрэглэгч, үйлчилгээний газраас 2019 онд асуулга явуулахад, үүнд хамрагдсан 1031 хүний 49% нь кофе шопоор үйлчлүүлэхдээ тухайн газрын байршил, худалдан авахад амар, хялбар байдлыг гол шалгуур болгодог хэмээн хариулсан байдаг бол 24,7% нь кофены амт, үнэрийг хамгийн түрүүнд чухалчилдаг хэмээж байжээ.
Эх сурвалж: Koreatimes