Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ.
Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж батлуулахын зэрэгцээ нийслэлийн дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотой иргэдэд он дуустал газар олгохгүй, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд мэдэгдлээ.
Нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлын үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг дурдаад, ногоон байгууламжийг нэмэхэд онцгойлон анхаарна хэмээв.
Хөгжингүй орны хотуудад нэг иргэнд 24 ам метр ногоон байгууламж ногддог бол манай хотын нэг иргэнд 5-6 ам метр байгаа нь чамлалттайг Хотын дарга тодотгов. Цаашид Ерөнхийлөгчийн гаргасан нэг тэрбум мод тарих уриалгыг дэмжиж, иргэн, айл өрх бүр мод тарьж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, талбай байгуулахыг бүх талаар дэмжихээ илэрхийлжээ.