Шатахууны хомсдлын үеэр “Синчи фуудс” ХХК нь өөрийн нэрийн “Махлаг” махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд “Синчи ойл” ШТС-аас 40.000 төгрөгийн шатахууны талон олгож байсан талаар хоёр өдрийн өмнө иргэд гомдол мэдүүлж эхэлсэн.
Энэ дагуу ШӨХТГ 2021 оны 9 дүгээр сарын 23, 24-ны өдөр хяналт, шалгалт хийж, тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
Зөрчлийн тухай хууль:
Хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт – Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.