БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
Уулзалтын үеэр БНЭУ-ын Хилийн Аюулгүй Байдлын Хүчнээс “Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн 1.2 сая ам.долларын өртөг бүхий сервер хандивласныг Монгол Улсын Хил хамгаалах байгууллагад хүлээлгэн өгөв.
Тус сервер нь Монгол Улсын хил хамгаалалтыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Энэтхэгийн “Amtrak Technologies” компани Энэтхэгийн хилийн аюулгүй байдлын хүчний нэрийн өмнөөс Энэтхэгийн Дотоод хэргийн яам, Монгол Улсын Хууль зүйн яам хоорондын хилийн хамгаалалт, цагдаа, тандалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичиг байгуулан 94 сая рупи (1.2 сая орчим доллар) өртөгтэй серверүүд болон тоног төхөөрөмжийг 2021 оны 8 дугаар сард нийлүүлж, суурилуулсан байна.
ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд ХХЕГ-ын урт хугацааны хамтын ажиллагаа, хилийн хяналт, нөөцийн менежментийн хэд хэдэн асуудлыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилаа. Тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд хилийн тусгай ажиллагаа, кибер аюулгүй байдал, компьютер, мэдээллийн технологи, зэвсэг, тактик, тэсрэх бөмбөг устгах, гамшиг гэх мэт салбарын чадавхийг бэхжүүлэх, 123 албан тушаалтныг сургасан болон ХХЕГ-ын тоног төхөөрөмж, технологийн байгууламжийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэнд Энэтхэгийн Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.
Эрхэмсэг ноён М.П.Сингх уулзалтын үеэр Хил хамгаалах байгууллагын алба хаагчдыг БНЭУ-д сургах, ялангуяа англи хэл, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлд сургах талаар хамтран ажиллахаа мэдэгдэж, ХХЕГ-ын “Шуурхай удирдлагын төвийг өргөжүүлэх төсөл”-ийг цаашид идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлэв.