Меркель Гамбургийн саммитийн билгэдлийг тайлбарлав
“Их 20”-ын лидерүүдийн уулзалт Гамбург хотноо долдугаар сарын 7-8-нд явагдаж байна. Саммитийн хамгийн гол хүлээлт нь нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрын анхны уулзалт юм. G20 саммитийн билгэдэл болох зангилааны учир утгыг Германы канцлер Ангела Меркель тайлбарлан ярьсан яриаг “The New York Times” сонин нийтэлжээ.
Саммитийн эхний арга хэмжээг нээхдээ Германы канцлер энэ уулзалтын билгэдэл нь дэлхийн хэлхээ холбоог харуулж байна. Зангилааг хүчтэй татах тусам зангилаа улам бэхждэг” гэж тэр хэлсэн юм. “Их хорь” гэдэг нь дэлхийн 19 улс болон Европын холбооны албан бус нэгдэл юм. Энэ нэгдэл нь дэлхийн хүн амын 2/3 ба дэлхийн ДНБ-ний 80 хувийг хамардаг. Үнэн хэрэгтээ бол “Их долоо”-гийн өргөжүүлсэн хэлбэр юм. Их 20-ыг бий болгох санаачилга хамгийн анх 1999 онд G7 саммитийн Сангийн сайд нарын уулзалт дээр болжээ.
АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали, Япон бүсийн болон даяарчлалын нийгэм, эдийн засгийн хямралд нөлөөлөхийн тулд улс орнуудын хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Тэд ийм дүгнэлтийг 1997-1998 онд Азийн санхүүгийн хямралын дараа хийсэн байлаа. Энэ нэгдлийн үйл ажиллагаа нь 2008 он хүртэл Сангийн сайдууд ба Төв банкны тэргүүн нарын төвшинд явагдаж иржээ. 2017 онд Германы Гамбург хотноо 12 дахь G20 саммит явагдаж байгаа юм.
Путин, Трамп хоёрын өдөр
“Их 20”-ын саммитийн эхний өдрийн гол үйл явдал нь Орос, Америкийн хоёр лидерийн уулзалт болон даяарчлалын эсрэг тэмцэгч радикалуудын эсэргүүцлийн ажиллагаа боллоо. G 20 саммитийн хамгийн их хүлээлттэй байсан дэлхийн хоёр том гүний лидерийн уулзалт төлөвлөсөн хугацаанаас хамаагүй давж, хоёр цаг гаруй үргэлжиллээ.
Орос, Америк хоёрын лидерүүдийн үндсэн уулзалтын өмнө “хөл дээрх” түр зуурын золголт болов. Трамп саммит эхлэхийн өмнө Путинд дөхөж очоод очин гар барилаа. Одоо тэдний анхны гар барилтын видео бичлэг сүлжээгээр хамгийн ихээр тархаж байна. Трамп гар бариад Путины мөрийг алгадан салав.
Бичлэг дээр лидерүүд нэгэн зааланд хуралдаан эхлэхийг хүлээн, зэрэгцэж зогсоод ярилцаж байлаа. Путин, Абэ хоёр ярилцан зогсож байхад Трамп тэдэн дээр очин Путинтэй гар бариад чөлөөтэй гараараа Путины тохой доороос тулан мэндчилэв. Энэ нөхөрсөг байдал тэдний үндсэн уулзалт дээр ч үргэлжиллээ.
https://www.youtube.com/watch?v=c9UnFtyaIG0
Төлөвлөснөөс илүү хугацаагаар
Путин, Трамп нарын уулзалтыг 30 минут үргэлжилнэ гэж төлөвлөсөн байсан ч тэд 2 цаг 15 минутын турш ярилцлаа. Хэлэлцээрийг нээгээд “Хүндэт Ерөнхийлөгч өө, бид Тантай хэд хэдэн удаа утсаар ярихдаа хоёр талын болон олон улсын асуудлаар санал солилцож байсан” гэж В.Путин онцлов. Тэгээд “гэхдээ утсаар ярих нь мэдээж хангалтгүй. Хэрэв бид хоёр талын харилцааны болон олон улсын хурц асуудлуудыг бид шийдэхийг хүсч байгаа бол ийм уулзалтууд шаардлагатай” гэж хэлэв. В.Путинтэй уулзсан уулзалт хоёр орны хувьд эерэг болно гэдэгт итгэж байгаагаа Д.Трамп хэллээ. “Оросын хувьд, АНУ-ын хувьд олон эерэг зүйл гарна, тэр нь бидэнд үүнд хамаатай бүгдэд эерэгээр тусна гэж бид хүлээж байна” хэмээн Трамп хариуд нь онцоллоо.
Уулзалтад Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар оролцов. Үүний дараа Шинзо Абэтай уулзахдаа В.Путин Дональд Трамптай Украины байдал, Сирид явуулж байгаа терроризмтай хийж буй тэмцэл мөн кибер аюулгүй байдлын талаар мөн хоёр орны харилцааны тухай ярилцлаа хэмээсэн байв.
“АНУ-ын Ерөнийлөгчтэй маш удаан уулзан ярилцлаа. Олон асуудлууд хуримтлагджээ. Тэнд Украин, Сири мөн бусад асуудлууд, хоёр талын харилцааны зарим нэг асуудлууд байгаа. Бид дахиад л терроризм, кибер аюулгүй байдлын асуудалдаа эргэн орлоо” хэмээн Путин Абэд дуулгаад уулзалтад хоцорсондоо уучлалт гуйв. Абэ тэр бүгдэд ойлгон ханджээ.
Сайд нар мэдээлэл хийв
Трамп, Путин хоёрын уулзалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Сергей Лавров, Рекс Тиллерсон хоёр сэтгүүлчдэд өглөө. Сайд нар уулзалт тодорхой, уур амьсгал нь эерэг байсныг онцоллоо. “Миний мэдэрснээр хоёр лидер нэн түрүүнд өөрсдийн орнуудын сонирхолыг тавин тэр сонирхлыг ойлгож, тэгш газар асуудал босголгүйгээр, сөргөлдөөнөөс илүүтэйгээр харилцан ашигтэй тохиролцоо хайх эрмэлзэлтэй байгаа нь илт“ хэмээн Лавров хэллээ.
Үндэсний сонирхлоо урагшлуулахад чиглэгдсэн тэдний уулзалт ажил хэрэгч болж өнгөрлөө. “Рекс Тиллерсон бид хоёрт гадаад харилцааны хамтын ажиллагааг Солонгосын хойгийг оролцуулаад олон улсын бүхий л асуудлаар шуудаар болон НҮБ-ын АЗ-ийн хүрээнд үргэлжлүүлэн идэвхжүүлэх үүргийг өглөө” хэмээн Лавров дуулгалаа. Украины асуудлаар тэр хэлэхдээ “Барууны орнууд Минскийн гэрээг хэрэгжүүлэхэд нь Киевт шахалт үзүүлэх ёстойг ойлгож байна гэж онцолжээ.
Ерөнхийлөгч нарын тохиролцоо
Үүний зэрэгцээ хоёр талууд мэдээллийн аюулгүй байдлаар хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар болсон байна. “Эдгээр асуудлууд нь терроризмтай мөн зохион байгуулалттай гэмт хэрэг, хакерын бүхий л үзэгдэлтэй хийх тэмцэлтэй нэгэн цогцолбор болж байгаа бөгөөд Орос-Америкийн хоёр талын хамтын ажиллагаа болно. Мөн кибер аюулгүй байдлаар тусгайлан ярилцсан” гэж Лавров хэллээ.
Түүний тэмдэглэснээр АНУ-ын Ерөнхийлөгч сонгуульд хутгалдан оролцоогүй гэсэн Оросын засаг захиргааны мэдэгдлийн талаар мэдэж байгаа ажээ. Гэхдээ асуудал эсрэгээр тавигдаад байгаа нь хачирхалтай гэж Лавров хэллээ. Учир нь тэр кампани олон сараар үргэлжилж ганц ч баримтаар баталгаажигдаагүй, үүнийг конгрессын энэ хөдөлгөөнийг толгойлж байсан хүмүүс ч мэдэж байгаа хачин зүйл гэдгийг Лавров бас дуулгалаа. Энэ уулзалт дээр Орос дипломат хөрөнгийг битүүжлэн хураасан асуудал яригдсаныг сайд хэлжээ.
Хоёр лидерийн уулзалтын талаар Рекс Тиллерсон хэлэхдээ тэд хурдан хэл амаа ололцож, сайн ойлгосон үр дүнтэй уулзалт боллоо гэв. Трамп, Путин хоёр Сирийн асуудлаар удаан ярилцсан өнгөрсөн асуудлуудын талаар удаан маргаан өрнүүлээгүй гэв. Сирийн аюулгүй байдлын талаар шинэ хэлэлцээрийг АНУ, Орос, Иордан боловсруулан ярилцаж байгаа гэлээ. Хоёр лидерийн уулзалтад олны анхааралд байлаа. Канцлер Ангела Меркель хоёр лидерийн хувийн харилцаа тогтож байгаад баяр хүргэлээ. Хоёр лидер долдугаар сарын 9-нөөс Сирийн өмнөд нутагт сөргөлдөөнгүй бүс зохион байгуулж байгаа талаар тохиролцсоныг Лавров бас дуулгасан байна.
Тэнд байгаа сөрөг хүчний лидерүүд Иорданы төвд байгуулагдаж байгаа хяналтын төвтэй холбоо тогтоон хүмүүнлэгийн тусламжийн хүргэлтийг хангах ёстой болж байна. Эхэндээ тэр сөргөлдөөнгүй бүсийн хилийн аюулгүй байдлыг Оросын цэргийн цагдаагийн хүчин АНУ ба Иордонтой зохицон явуулахаар болсон байна. Украины асуудлаар Америкийн тусгай төлөөлөгчийг Вашингтон томилохоор болсон байна. Төлөөлөгч удалгүй Москвад ирэн хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.
Протоколын дагуу болон саммитийн хүрээнд
“Их 20”-ын лидерүүд улс төрийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргалаа. Баримтыг зүгээр нэг тохиролцоогүй эцсийн дүнд нь баримтыг гаргаж чадлаа гэж Меркель тэмдэглэв. Лидерүүд Гамбургийн үзэсгэлэнгийн төвд хамтарсан зураг авахууллаа. Харин “хорийн гол сэдэв эдийн засгийн асуудлууд ч амжилттай яригджээ. Түүнд оролцогсод ерөнхийдөө худалдааны протекционизмын эсрэг байгаагаа хэлэв. Энэ нь эцсийн баримтад тусгагдах ажээ.
Уулзалтын өмнө болсон БРИКС-ийн уулзалт нь протекционизмйн эсрэг үгээ хэлсэн юм. Саммитийн сүүлчийн өдрийн гол үйл явдал нв Францын Ерөнхийлөгч Эмманюуэль Макрон, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель гурвын Украины асуудлаар хийх уулзалт болно.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС