Аялах гэж буй улс орны Ковид-19 өвчний тархалтыг мэдэх
Та вакцинд хамрагдсан ч зорчиж байгаа газар нутгийн өвчний тархалтыг мэдэх нь чухал хэвээр байна. Өвчний тархалт өндөр байх нь таны короноварусийн халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх юм. Хэдийгээр танд өвчний эсрэг дархлаа тогтсон ч та халдвар тээгч болох өндөр боломжтой бөгөөд энэ нь таны ойр дотнын хүмүүсийн өвчлөх эрсдэлийг мөн тэр хэмжээгээр нэмэгдүүлнэ гэдгийг мартаж болохгүй.
Өвчний тархалтын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та доорх холбоосоор хүлээн авах боломжтой:
Тавигдаж буй хязгаарлалтуудыг мэдэх
Хил нээгдэж улс орнууд жуулчдыг хүлээж авах болсон ч тухайн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй хязгаарлалтуудын талаар мэдээлэлтэй байх нь зүйтэй. Амны хаалт зүүх хэрэгтэй эсэхээс эхлэн үйлчилгээний газрууд нээлттэй байгаа эсэх, хэдэн цаг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа талаар та заавал мэдээллийг олж авахыг зөвлөж байна.
Дэлхийн нийт хүн амын 95% нь маск зүүхийг зөвлөдөг болон зайлшгүй зүүх шаардлагатай улс оронд амьдарч байгаа аж. Харин цар тахлын нөхцөл байдлыг хяналтдаа авсан хэд хэдэн орон вакцинд хамрагдсан иргэдэд маскгүй зорчих боломжийг олгож байгаа юм. Тухайлбал, БНХАУ зарим хотууд, Шинэ Зеланд, АНУ зарим мужууд, Бутан, Израиль гэх мэтчилэн.
Европын Холбооны ихэнх улсуудын үйлчилгээний газрууд хэвийн хуваариар үйлчилгээгээ явуулж байгаа аж. Гэвч халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, нийтийн тээвэр, олон нийтийн газарт амны хаалтыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай юм.
Харин БНХАУ, Хонг Конг, БНСУ жуулчдад нээлттэй байгаа бөгөөд PCR тест, өвчний өндөр тархалттай улс орнуудаас ирсэн тохиолдолд тусгаарлалтад хамрагдах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ үйлчилгээний байгууллагууд төрлөөсөө хамааран 18-22 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа ба хэсэгчилсэн хөл хорионы дэглэм тогтоожээ.
Япон, Тайван, Вьетнам зэрэг улсуудын хил жуулчдын хувьд одоогоор хаалттай байгаа бөгөөд хүндэтгэх шалтгаан буюу боловсрол, эмчилгээ зэрэгт л нээлттэй байгаа гэнэ.
Ковид-19 өвчний улмаас нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж байгаа тул хэрэв та аялахаар төлөвлөж байгаа бол тухайн улс орны талаарх сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг элчин сайдын яам, консулын газар зэрэг баталгаатай эх сурвалжуудаас хүлээн авахыг зөвлөж байна.
Шинжилгээнд хамрагдах хугацааг төлөвлөх
Монгол улсын хувьд халдварын тархалт өндөр байгаатай холбоотой зорчигчдод тавигдах шаардлага цаг үеийн нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж байгаа тул та зайлшгүй тухайн улсын элчин сайдын яам болон консултай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.
Албан ёсны эх сурвалжаас тодорхой мэдээлэл авсны дараагаар та шаардлага хангасан лабораториудад 24-48 цагийн дотор шинжилгээнд хамрагдах хэрэгтэй бөгөөд сөрөг шинжилгээний хариуг англи хэлээр хэвлүүлж, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд очих хэрэгтэйг сануулъя.
Үүний зэрэгцээ Монгол Улсаас гадаад руу зорчсон зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаатай холбогдуулан таны шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайн хариутай тулгах шаардлагатай болсон тул зорчигч та “ГЭРЭГЭ” системийг гар утсандаа суулгах эсвэл “Интермед” эмнэлэгт өгсөн бол интермедийн онлайн системд шалгуулахад бэлтгэж ирэхийг МИАТ анхааруулж байна.
Улаанбаатар хотод PCR шинжилгээнд хамрагдах боломжтой дараах цэгүүд байрлаж байна:
- Интермед
- ХӨСҮТ
Нислэгийн үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих
Нислэгийн үед онгоцон дахь агаарыг тогтмол шүүж, цэвэршүүлдэг тул Ковид-19-ийн тархах нөхцөл харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч олон хүн нэг дор олон цагаар цугларч нислэг үйлдэх нь халдвар хамгааллын дэглэмийг сахихад хүндрэл учруулдаг тул онгоцонд суух болон буух үед маскаа сайтар зүүж, ямар нэгэн хэрэгсэлд хүрсэн тохиолдолд гараа ариутгах, нүүр амандаа гараа хүргэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Үүний зэрэгцээ танд тус болох бяцхан зөвлөмжийг хүргэе:
- Амны хаалтыг 3 цаг тутамд солих
- Бээлий өмсөх
- Малгай, нарны шил зүүх
- Олон цагийн нислэгтэй байгаа тохиолдолд нэг эгнээнд байгаа зорчигчдыг амны хаалттай байх үед боломжоороо хурдан хооллох
- Ариун цэврийн өрөө ашиглах үед амны хаалтаа тайлахгүй байх
Цагаа өнгөрөөх эрсдэлгүй аргыг сонгоорой
Мэдээж аяллын туршид та буудалдаа байхгүй гэдэг нь ойлгомжтой. Хэрэв та бар, хоолны газарт цагийг өнгөрөөхөөр төлөвлөж байгаа бол аль болох хүн багатай газрыг сонгох, нэг удаагийн хоолны хэрэгсэл ашиглах, гараа тогтмол угаах зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна. Үүний зэрэгцээ аль болох задгай агаарт, хүн хөл багатай хэсгийг сонгон зугаалах нь танд учрах аливаа нэг эрсдэлийг багасгана гэдгийг бүү мартаарай.
Гадаад зорчигчийн даатгалд хамрагдах
Мэдээж гадаад улс орон руу зорчихдоо даатгалд хамрагдахаа мартаж болохгүй. Ингэснээр та өөрт учрах олон төрлийн эрсдэлээс цогц хамгаалалт хийх юм. Товчхондоо нэг сумаар олон туулай буудах боломж. Гадаад зорчигчийн даатгал нь дараах давуу талуудтай:
- Гадаадад зорчих хугацаанд эрүүл мэндийн эмчилгээ, гэнэтийн ослын улмаас үүссэн шүдний яаралтай эмчилгээ, эм тариа зэрэг хамгаалалт багтана
- Таныг эрсдэлд орсон тохиолдолд хамт зорчиж буй гэр бүлийн нэг гишүүний буцах нэмэлт зардал багтана
- Ачаа тээшийг тань ч мөн адил даатгана
- Бичиг баримтаа хаяж гээгдүүлэх эрсдэл багтсан
- Нислэг хойшлогдох эрсдэл багтсан
Анхаарах: Аливаа даатгалын бүтээгдэхүүнд цар тахлын хамгаалалт багтдаггүй болно. Иймд гадаад аяллын даатгалд Ковид-19 цар тахлын хамгаалалт багтаагүй гэдгийг анхаарна уу.