АН-ын УИХ дахь бүлгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан албан шаардлагыг бүрэн эхээр хүргэж байна.
Албан шаардлага
Улс оронд үүсээд байгаа нийгэм-эдийн засгийн хямрал тодорхойгүй нөхцөл байдал дээд цэгтээ хүрсэнтэй холбогдуулан АН-аас дараах албан шаардлагыг Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан гаргаж байна.
- Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хяналтаас бүрэн гарч, өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган хүн халдвар авч, 1150 гаруй иргэн амь насаа алдлаа. Энэ нь насанд хүрсэн хүн амд харьцуулахад дэлхийд 1 дүгээр байранд орсон үзүүлэлт юм.
- Засгийн газрын бодлогын алдаанаас шалтгаалан улс орон даяар шатахууны хомсдолд орж, намрын ид ажлын үед эдийн засаг бүрэн царцлаа.
- Энэ бүх алдаагаа уламжлалт найрсаг харилцаатай хөршүүд рүүгээ нялзааж байгаа нь туйлын хариуцлагагүй болчимгүй үйлдэл гэж АН үзэж байна. Энэ бүхнийг цогцоор нь харж, шийдвэрлэх чадамж өнөөгийн Засгийн газарт байхгүй болох нь нэгэнт тодорхой болоод байна.
- Ядуурал газар авч, гудамжинд гуйлга гуйх явдал нүдэн дээр ихэслээ. Иймд үүсээд буй нөхцөл байдлыг богино хугацаанд арилгах тухай ажил хэрэгч саналыг АН-ын зүгээс хүргүүлж байна.
Нэг: Шатахууны зах зээлийн үнэ болон импортыг бүрэн чөлөөлөх,
Хоёр: Хоёр хөршид томилогдсон мэргэжлийн бус Элчин сайд нарыг нэн даруй эргүүлэн татах,
Гурав: Андлалын хөшөө усан оргилуур гэх мэт үр ашиггүй, төсвийн хөрөнгөөр гараа угаасан хөрөнгө оруулалт нэртэй луйварыг нэн даруй зогсоох,
Дөрөв: Удаа дараа хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж, иргэдийн итгэлийг алдсан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох,
Эдгээр ажил хэрэгч санал болон шаардлагыг нэн даруй хүлээн авч, аравдугаар сарын 1 гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцлийн тэмцлийг улс орон даяар эхлүүлэхээ анхааруулж байна. Иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрх, жагсаал цуглаан хийх эрхэнд хууль хүчний байгууллагыг ашиглан удаа дараа халдах явдлыг АН тэвчихгүй бөгөөд ямар ч үед, ямар ч аргаар иргэдийн эрхийг хамгаалахаа үүгээр мэдэгдэж байна.
Ардчилсан нам
2021 оны есдүгээр сарын 23