Санхүүгийн зохицуулах хороо салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол, хугацаанд нь хуралдуулж ажилласаар байна.
Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн бөгөөд эхнийх нь “Мобифинанс ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 12 сарын хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэлээ. Үнэт цаас гаргагч нь Хорооны 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын дагуу холбогдох хүсэлтээ ирүүлсэн тул өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тодруулбал, андеррайтерийн компани болох “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК нь Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, өрийн хэрэгсэл худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж цаашид хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа.
Санхүүгийн зохицуулах хороо аж ахуй нэгж, байгууллагуудын технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөрөнгийн зах зээлд гаргах, олон нийтэд сурталчлан таниулах санал санаачилгыг байнга дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү өрийн хэрэгслийг бүртгэсэн нь үүний нэг жишээ юм.
ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИЙН ХУВЬЦААГ НЭМЖ БҮРТГЭВ
Хуралдаанаар Монголын болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Русерс Девелопмент Корпорейшн”-ийн хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 17.484.662 ширхэг хувьцааг бүртгэлээ. Гадаадын болон дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх эрх зүйн орчинг Хороо 2018 онд бүрдүүлсэн. Үүний үр дүнд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болох “Эрдэнэ Русерс Девелопмент Корпорейшн” нь Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлж Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон. Харин өнгөрсөн онд Хорооноос давхар бүртгэлийн эрх зүйн орчинг сайжруулж хувьцаагаа хоёр улсын бирж хооронд чөлөөтэй хөрвүүлж арилжаалах боломжийг бий болгосон нь давхар бүртгэлтэй компаниудын хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн бодлогын чухал алхам юм. Ингэснээр тус компани дотоодын хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгож хувьцаагаа нэмж гаргах нөгөө талаар хөрөнгө оруулагчдын хувьд бас нэгэн бүтээгдэхүүн нэмэгдэж байна.
Цаашилбал, энэхүү үнэт цаасыг нэмж бүртгэснээр гадаадын хөгжингүй зах зээлд бүртгэлтэй компани гадаадын болон дотоодын биржээр дамжуулж хувьцаагаа арилжаалах боломжтой, хөрвөх чадвар өндөртэй сайн бүтээгдэхүүн зах зээлд гарах түүнчлэн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах, зээлийн батлан даалтын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хорооноос баталсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж, журмын хэрэгжих хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөхөөр хуралдаанаар шийдвэрлэлээ.
Мөн даатгалын гурван компанид аудит хийх эрх, даатгалын төлөөлөгчийн болон зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор боллоо. Түүнчлэн таван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, дөрвөн хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нэг хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгаж, хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тус тус шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо