Засгийн газын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдийн асуултад хариулсан. Түүний яриаг товчлон хүргэж байна.
Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлын явцад түр ажлын 800-1000 бий болно. Энэ станц ашиглалтад орсноор 80 орчим тогтвортой ажлын байр гарна. Эх үүсвэрийг Монголын нэгдсэн системд холбох Эрдэнэбүрэн-Мянгат, Мянгат-Улиастай гэсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулах ёстой. Бид 2021 оны улсын төсөвт цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын зураг төслийн ТЭЗҮ-ийн мөнгийг тусгасан. Энэ ажил 2022 оны нэгдүгээр сард дуусна. Зураг төслийг дуусахаар энэ дэд станц, шугамын санхүүгийн эх үүсвэрийг хөөцөлдөж эхэлнэ.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор манай улсын баруун бүс болоод Алтай, Улиастайн эрчим хүчний системийг дотоодоос бүрэн хангах боломжтой болно. Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд холбогддог хэрэглэгчид нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авч байгаа. Бид зарим бараа үйлчилгээг импортоор авахын сөрөг талыг өнөөдөр нийгмээрээ мэдэрч байна.
-Ашиглалтад орсноор айл өрхүүдийн хэрэглэж буй эрчим хүчний үнэ хямдрах уу ?
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-ээр, тус цахилгаан станцаас үйлдвэрлэгдэж гарах нэг кВт цаг цахилгаан эрчим хүчний үнэ 5.3 цент буюу 150 төгрөг байна. Энэ нь цаашид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас тэжээгдэх баруун бүсийн эрчим хүч хэрэглэгч нарын одоо мөрдөж байгаа цахилгаан эрчим хүчний үнэд өөрчлөлт орохгүй гэж ойлгож болохоор хэмжээ.
2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар ахуйн цахилгаан хэрэглэгч нарын дундаж үнэ 5.6 цент гарсан. Уул уурхайн дундаж үнэ 7.3 цент гарсан. Тиймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэхгүй.
-Гэрээний дагуу 61 сарын хугацаанд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын барилга нь л баригдаж дуусна гэсэн үг үү?
-Гэрээнд тусгагдсан 61 сар гэдэг нь тус усан цахилгаан станц яг ашиглалтад орж, Монгол Улсын нэгдсэн сүлжээнд цахилгаан дамжуулж эхлэх хугацаа юм. Үүнээс 11 сар орчим нь усанг санг дүүргэх хугацаа бол үлдсэн 50 орчим сарын хугацаанд нь барилга угсралтын ажил хийгдэнэ гэж ойлгож болно.
Усан сан байгуулах газарт мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг 258 айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлага бий болсон.
–Тэдгээр айл өрхийг нүүлгэн шилжүүлэлтийн асуудалд хэрхэн анхаарч байгаа бол?
-Энэ хөрөнгө оруулалтын ажил хийгдэхэд байгаль орчин болон нийгмийн нөлөөлөлд автаж буй айл өрхүүдийг шилжүүлэх асуудал нь гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг. Бид энэ нүүлгэн шилжүүлгийн ажлыг айл өрхүүдийн одоо байгаа амьдралынх нь түвшинг нь дордуулахгүйгээр заавал хийх ёстой. Үүнд шаардлагатай зардлыг улсын төсөвт үе шаттайгаар суулгаж шийднэ. Урьдчилсан тооцоогоор 12 орчим тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Гэхдээ одоогоор үүнийг бид нарийвчлан судалж байна. Энэ жилдээ багтаж 98 айлыг нүүлгэх шилжүүлэхээр тохирсон.
Ер нь энэ хөрөнгө оруулалтын ажил хийгдэх 27,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчихсан. Өөрөөр хэлбэл, ААН-үүд болон иргэд улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг чөлөөлж өгөх нь хуулиар хүлээсэн үүрэгтэй.
–Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор гадагшаа урсах хэдий хэр хэмжээний зардлыг хэмнэж чадах вэ?
-Тухайн цахилгаан станц ашиглалтад орсноор 7-8 жилийн дараа хөрөнгө оруулалтын өгөөжөө өгөх боломжтой. Одоогоор бидний ОХУ-аас авдаг импортын эрчим хүч нь өнөөдрийн хэрэглэгчдийн дундаж үнээс өндөр. Энэ үнийн зөрүүг бид улсын төсвөөс төлдөг. Тодорхой хэлбэл, манай улс худалдан авч буй эрчим хүчнийхээ хэмжээнээс хамаарч жилд дунджаар 13-15 тэрбум төгрөгийг зөвхөн импортын эрчим хүчний үнийн зөрүү болгон төсвөөсөө ОХУ-д төлдөг. Энэ төлбөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор байхгүй болно гэж ойлгож болно.