Нэгэн зууны өмнө анхныхаа мэдээг МОНТА нэрээр гадаадад цацаж байсан Үндэсний мэдээллийн ууган агентлагаас “МОНЦАМЭ-100” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг хэлэхдээ, “Энэ жил олон байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Тэдгээрийн дотор тэргүүн түүчээ болсон хэвлэл мэдээллийн байгууллагын нэг бол Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг юм. Бид 100 жилийн ойгоо техник технологийн шинэчлэл хийж, ажил үйлсээрээ амжилттай угтлаа. Энэхүү үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан түүх, баримт бичиг, гэрэл зургийн арвин баялаг сангийн дээжээс оюун санааны эрхэм түнш болсон үзэгчдэдээ зориулан дэлгэж байна. Үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй Монголын Үндэсний музейн удирдлагууд, хамт олонд талархал дэвшүүлье” хэмээн онцолсон юм.
Үзэсгэлэнд монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэн гаргаж буй сонин хэвлэлүүд, үндэсний монгол бичгээрх “Хүмүүн бичиг” сонин зэрэг тус агентлагаас эрхлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ.
Түүнчлэн цахилгаан мэдээ дамжуулж байсан морзын аппарат, МОНЦАМЭ агентлагийн ойн медалиуд, энгэрийн тэмдэг, “МОНЦАМЭ-гийн алтан дүрэм”, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчдын ашиглаж байсан аппарат хэрэгслүүдийг толилуулж байна.
Мөн МОНЦАМЭ агентлагийн орлогч захирал, ерөнхий редактор, Москва дахь сурвалжлагч, сонин, сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.Түмэнжаргалын бичгийн машин, үзэг зэргийг тус үзэсгэлэнд дэлгэсэн нь сэтгүүлчдийн үе үедээ хэрэглэж байсан бичгийн хэрэглэгдэхүүний сонирхолтой үзмэр болж байна.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж байсаар ирсэн юм. Түүнчлэн англи, орос хэлээр хэвлэн гаргадаг “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол хэвлэн гаргадаг.
МОНЦАМЭ агентлаг нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Мөн ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр агентлагтай өдөр тутам мэдээ, мэдээлэл солилцон, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж улс орноо гадаадад таниулан сурталчилдаг юм.