Ардчилсан намаас долоо хоног бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр (2021.09.22) хийлээ.
АН энэ хурлаа шатахууны хомсдол, цар тахлын нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, эдийн засгийн хямрал хүргэж, шатахууны хомсдол зэрэг тулгамдсан асуудлаар хийлээ. Засгийн газар үүсээд буй нөхцөл байдалд дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгааг АН шүүмжилж байна.
АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр: Засгийн газар нийгмийг мэдэрч, асуудалд бодитоор хандах ёстой байтал сонгуультай холбоотой сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж байгаад бухимдаж байна. Чулуу шиг Засгийн газар бий болсон. 2008 оноос хойш улстөржлөө гэх хэллэг нийгэмд хэлэлцүүлэг хэлбэрээр өрнөж байна. Хамтарсан засгийн үед нэгнийхээ ажлыг шүүмжилж, сайжруулах гэж хичээдэг байлаа. Гэтэл одоо ямар ч шүүмжлэл, гарц гаргалгаагүй төр бүрдсэн.
Улстөрч хүн улстөрөө л хийнэ. Ард түмний дунд бухимдал үүсгэж байгаа хоёр асуудлын талаар бид өнөөдөр саналаа хэлнэ. Нэгдүгээрт, “Digital nation” зохион байгуулсан явдал. Олон хүнийг эрсдэлд оруулсан үйл ажиллагааг хориглож байхад зохион байгуулсан нь буруу. Улсын онцгой комисс, Covid-19-ийн үед хэрэгжүүлэх хууль тогтоомжийг хүртэл боловсруулсан байтал зөрчсөн.
Шатахууны асуудал: Өнөөдөр колонкуудын гадаа дугаарлах машин ямар байгааг та бүхэн харж байна. Зургадугаар сараас хойш шатахуун нөөцлөх шаардлагатай гэдэг мэдээллийг удаа дараа өгсөөр байтал анхаарал хандуулаагүй нь Засгийн газрын алдаа. Иргэд ч үүнийг хэлж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд иргэдийн амьдралд яаж тусах вэ гэдгийг тооцоолж чаддаггүй. Монголын эдийн засаг өнгөрсөн жилийн гурван улирал дараалж унасан.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хэвийн байгаа учраас л асуудал хүндрээгүй мэт харагдаж байна. Арванхоёрдугаар сараас хойш иргэд цахилгаан дулааны мөнгөө өөрсдөө төлнө. Монгол Улс гурван төрлийн бүтээгдэхүүн экспортолдог. Нүүрс, зэс, төмөр гаргаж, зөрүүлээд бүх төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг. Тиймээс иргэдийн халаасанд тултал асуудлыг битгий хүндрүүлээсэй гэсэндээ өнөөдөр бид сөрөг хүчний хувьд санал шүүмжээ хэлж байна.