УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг бусадтай бүлэглэн, БНХАУ-ын иргэнийг залилж их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна. Одоо прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулах ажиллагаа хийгдэж байна гэж УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэг өчигдөр (2021.09.20) мэдэгджээ.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар өнгөрсөн хугацаанд Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын нэрээр бизнес бутик зочид буудал, амралт, аялал жуулчлалын цогцолбор, ахмадын болон жирэмсэн эхчүүдийн сувилал, усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн тухайн үеийн БОНХЯ-ны албан тушаалтнуудыг хууран, дархан цаазат Богдхан уулын Арцатын болон Чулуутын аманд нийт 65.5 га газрын ашиглах зөвшөөрөл авч, төрд их хэмжээний хохирол учруулан мөнгө угаасан гэх хэргийг шалгаж байсан.
Тэдний нэг нь залилангийн хэрэг хэмээн яригдаж байсан бөгөөд Арцатын аманд орон сууцын хороолол барихдаа улсын заан Ч.Батзоригтой нийлж бусдыг залилан мэхэлсэн гэх гомдол цөөнгүй иргэнээс гаргасныг ЭЦА-ны дээрх газарт нэгтгэн мөрдөн байцаалт явуулж байсан юм.