Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душамбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.
Дашрамд дурьдахад чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Туркийн Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 1 дүгээр сард байгуулсан билээ.
Энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чөлөөт бүсийн чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан Турк Улсын туршлагаас суралцах, цаашлаад Замын-Үүд, Албанбулаг зэрэг хил дамнасан чөлөөт бүсийг түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх Туркийн жишгээр төр, хувийн хэвшлийн түншлэлд тургуурласан менежментийн загвараас судлах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниудад үзүүлж буй татварын хөнгөлөлт, үйлчилгээний үнэ тариф зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан тус чөлөөт бүсийн Ерөнхий захирал Хакан Жейлантай ярилцаж, илэн далангүй санал солилцов.
Мөн Туркийн Худалдааны яамны Чөлөөт бүсийн газрын захирал Али Баярактар уулзалтанд оролцож, төрөөс чөлөөт бүсийн чиглэлээр баримталж буй бодлого, ААН-үүдэд олгодог тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар товч мэдээлэл өгөв.
Турк Улсад өдгөө 18 чөлөөт бүс байдгаас Истанбул хотыг түшиглэн байгуулсан 3 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг юм.