Энэ өдрийн 14:00 цагт Тажикистан Улсын нийслэл Душанбе хотын “Кохи Навруз” ордонд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
Өргөтгөсөн хуралдааныг Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нээж үг хэлэхдээ 2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай давж өдгөө гишүүн орнуудын ашиг сонирхлыг хүндэтгэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм болон төлөвшснийг мэдэгдэв.
Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэлээ. Түүнчлэн “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулах хамтын алхмууд, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцав.
ШХАБ-ын ажиглагчийн статустай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ. Тэрбээр Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгааг мөн мэдэгдлээ.
Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцов.
Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн “Душанбегийн тунхаглал” болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдав. Дараа жил ШХАБ-ыг Узбекистан Улс даргалахаар болов.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба