Зам тээврийн хөгжлийн яам Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ E-Mongolia-д жолоодох эрхийн 7, авто тээврийн 4, нийт 11 үйлчилгээг холбожээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” шинэчлэн батлагдаж, үүний дагуу “азын” гэгддэг сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаагаар борлуулах болсон.
Дуудлага худалдааг 2021.02.15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулан явуулсан бөгөөд 10 удаагийн дуудлага худалдаагаар нийт 1126 дугаарыг худалдан борлуулж Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Зам, тээврийн салбарт эрх зүйн шинэчлэл, салбарын өрсөлдөх чадвар бүхий хүний нөөц, гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр, салбарын техник, технологийн шинэчлэл, авилга, хүнд суртал, ил тод байдлыг арилгах талаар хийж хэрэгжүүлж буй ажлууд байгаа гэнэ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам авто зам, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэх гэсэн дөрвөн чиглэлд хуулийн шинэчлэл хийж, тээврийн нэгдсэн хууль боловсруулж байна.
Учир нь эдгээр таван төрлийн тээвэр тус тусдаа хуулиар зохицуулагдаж байгааг уялдуулах, харилцан холбоотой нэгдсэн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай гэж салбарын албан тушаалтнууд өнөөдөр мэдэгдлээ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын мэдээллийг сар бүр сэтгүүлчдэд танилцуулж байхаар болжээ.