ДЭМБ-ын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалт болж өнгөрчээ. Цахим хэлбэрээр явагдсан энэ уулзалтад дэлхийн 40 гаруй улс орны төлөөлөгчид оролцож тус тусын цар тахалтай тэмцэх талаар зохион байгуулж буй арга хэмжээ, ололттой талууд, туршлагаа ярилцсан байна.
Манай улсын хувьд мөн тодорхой хэмжээний туршлагаа ярьж, цаашид хэрхэх талаар ярилцсан бөгөөд оролцогч талууд коронавирус устах магадлал бараг үгүй. Улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл байна гэж үзсэн. Халдварын тохиолдлын тоо, тархалт, өвчлөл их байгаа учраас халдварын үүсгэгч вирус хувиралд орох, өмнөх вирусээс илүү хоруу чанартай байх нөхцөл байгаа тул бүгд вирустэй яаж тэмцэх талаар бэлэн байдлаа хангах, өмнөх туршлагаа хэрэгжүүлж, арвижуулах талаар зөвлөж байна.
Коронавируст халдвар нутагшмал байдалтай болно. Ингэсэн үед урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээгээ хэчнээн сайн авч чадна, төдий чинээ вирустэй хамтран амьдрах болно. Вакциндаа хамрагдах нь чухал. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Цоо шинэ вирусийн хувилбар гарч, цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэл бий. Бид бэлэн байдлаа хангавал дараа дараагийн цар тахлыг хохирол багатай давна. Монгол Улс дэлхийн бусад оронтой адилхан явж байна.
Тандалтын судалгааг ямар ч үед хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Хэн хэзээ эрсдэлд өртөх, хэнийг хүндрэлээс сэргийлэх вэ гэдэг менежментийг чухал анхаарах нь зөв. Цар тахалтай тэмцэхэд төрийн байгууллагын манлайлал, иргэн бүрийн оролцоо чухал байна гэдгийг ДЭМБ-ын зүгээс зөвлөжээ.
Төрийн зохион байгуулж буй ажил дээр ард түмний дэмжлэг хэрэгтэй. Иргэд аль болох өвдөхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ халдварт өртвөл маш хурдан эмнэлгийн тусламжийг авах нь зөв. Нэгдэж байж цар тахлын ард гарна гэж Монгол Улсын гавьяат эмч А.Амбасэлмаа өнөөдөр (2021.09.17) болсон Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг дээр мэдэгдлээ.