Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээлэл хийхдээ коронавирус илрүүлэх шинжилгээний эерэг тохиолдлын 60-70 хувийг Дельта хувилбар эзэлж байна гэсэн мэдээллийг өглөө. Цар тахал идэвхтэй байгаа үед орон нутгаас ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн нь коронавируст халдвараар өвчлөлтийг нэмэгдүүлж байна гэж эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Дархлаа сэргээх III дахь тунгаа тариулсан хэдий ч халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн.
PCR шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ авахаар орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн тоо нэмэгдэж байна. ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийгдэж байгаа. Шинжилгээ өгч байгаа үйлчлүүлэгчдээс тус төв судалгаа авчээ. Судалгаагаар шинжилгээнд хамрагдагчдын 50 хувийг 21-40 насныхан эзэлж байгаа бол 45 хувь нь хувийн байгууллагад ажилладаг иргэд, 19 хувь нь оюутнууд, 17 хувь нь улсын байгууллагад ажилладаг иргэд эзэлж байгаа аж.
Албан байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн гэдэг шалтгаанаар иргэд шинжилгээ өгсөөр байгаа аж. Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн захирлын тушаалд эмнэлгийн байгууллага болон албан байгууллагуудаар үйлчлүүлэхэд PCR шинжилгээний хариу шаардахгүй гэж тусгасан. Орон нутгаас нийслэлийг зориод ирсэн иргэд Улаанбаатарын харьяа биш учраас ХӨСҮТ-д хандаж байна гэж тус төвийн захирал Ц.Билэгтсайхан мэдэгдэв.
Эмнэлгүүдийн орны ачаалал ихэссэн. ХӨСҮТ-д 315 ор дэлгэж КОВИД-19-ийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ч дахин 50 ор нэмэх гэж байгаа аж. ХӨСҮТ-ийн зүгээс вакцинжуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ барихыг анхааруулж байна.