Иргэний нисэхийн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 9 дүгээр сарын 15-ны байдлаар 81 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Зам, тээврийн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу ИНЕГ-ын харьяа алба, салбарууд өвөлжилтийн бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ажлын баг иргэний нисэхийн салбарт ажилласан юм. Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төв, түүний салбар нэгжийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын багийг байгуулж, төлөвлөгөө батлан, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа ба онцгой хүндрэл бэрхшээл гарахгүй бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөнд заасан хугацаанд бүрэн хангах боломжтой гэдгийг ИНЕГ-ын АННББЗГ-ын дарга Д.Эрдэнэбаатар онцоллоо.
ИНЕГ-ын харьяа алба, салбаруудын агаарын навигацийн болон нисэх буудлуудын үйлчилгээний бэлэн байдлыг хавар-зуны ашиглалтаас намар-өвлийн ашиглалтад шилжүүлэх навигацийн үзлэг шалгалт орон нутагт эхэлсэн. ИНҮТ-ийн даргын тушаалаар баталсан ажлын баг энэ сарын 13-наас 10 дугаар сарын 8-ны өдрийн хооронд багтаан зохион байгуулахаар ажиллаж байгаа. Мөн төвийн нэгжүүдэд дулаан сантехникийн шугам сүлжээнд хийж буй засвар үйлчилгээ, дулааны эрчим хүч авах бэлтгэл ажил, шатахуун хангалтын үйлчилгээ зэрэг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудын явцын талаар ИНҮТ-ийн дэд дарга Н.Мягмарсүрэн ажлын хэсгийнхэнд тайлагналаа.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас томилогдсон ажлын багийнхан “Буянт-Ухаа” нисэх буудал болон Газрын үйлчилгээ, шатахуун хангалтын албаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь үзэж, шалгалаа.