Японы Засгийн газар коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор тогтоосон хязгаарлалтаа 10 дугаар сараас аажмаар сулруулахаар төлөвлөж байна.
“Yomiuri” сонинд мэдээлж буйгаар, ирэх сард дээрх төлөвлөгөөг тодорхой бүс нутгуудад туршилтын журмаар хэрэгжүүлэх бол цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 11 дүгээр сараас нааш бүрэн хэмжээгээр сулруулахгүй аж. Эхний ээлжинд эрх баригчид бүс нутгуудад ялангуяа онцгой байдлын дэглэм хэрэгжиж буй мужуудад зорчихоос татгалзах зөвлөмжийг цуцлахаар төлөвлөж байна. Энэ зөвлөмжийг эхлээд вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан хүмүүст цуцална.
Дараа нь нийтийн хоолны салбарт тогтоосон хязгаарлалтуудыг сулруулахаар төлөвлөж байна. Тухайлбал, зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын ажиллах цаг, согтууруулах ундаа зарах хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөжээ. Мөн вакцины гэрчилгээ эсвэл коронавирусний шинжилгээний сөрөг хариутай тохиолдолд хоолны газарт дөрвөөс хэтрэхгүй хүнд үйлчлэх зөвлөмжийг цуцалж магадгүй байна.
Үүний зэрэгцээ эрх баригчид вирусний тархалттай холбоотой нөхцөл байдал эргээд муудах эсвэл шинэ хувилбар илэрсэн тохиолдолд зарим хязгаарлалтыг дахин тогтоох эрхийг хэвээр үлдээхээр төлөвлөжээ.
Японы Засгийн газар мөн хилийн чанадаас ирэхдээ вакцин хийлгэсэн хүмүүсийн тусгаарлагдах хугацааг 10 хоног болгож багасгахаар төлөвлөж байна. Гэхдээ зөвхөн “Pfizer”, “Moderna” эсвэл “AstraZeneca” компанийн вакцин хийлгэсэн хүмүүсийн тусгаарлагдах хугацааг богиносгохоор төлөвлөж байгаа аж. Одоогоор гадаадаас ирсэн хүн бүрээс гэртээ эсвэл байрлах газартаа 14 хоног өөрийгөө тусгаарлахыг хүсэж байгаа юм.
Одоогийн байдлаар, Японы 47 мужийн 21-д нь онцгой байдлын дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд хүн ихтэй газарт очихоос зайлсхийхийг оршин суугчдаас хүсэж байгаагийн зэрэгцээ зоогийн газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж, оройн 20 цаг хүртэл ажиллах шаардлага мөрдөгдөж байна.
Наймдугаар сард тус улсад коронавирусний тархалтын байдал дордож, өдөрт илрэх халдварын тоо нэмэгдэж эхэлжээ. Өнгөрсөн сард шинээр илэрсэн тохиолдлуудын тоо өмнөх сарынхаас ойролцоогоор гурав дахин өсөж, 125 600 гаруй хүн халдвар авсан байна. Гэсэн хэдий ч онц байдлын дэглэм хэрэгжиж, хүн амыг вакцинжуулах ажил эрчимжсэнтэй холбоотойгоор байдал сайжирч эхэлжээ.
Есдүгээр сарын 15-ны байдлаар Японд коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 1 659 147 болж, 16 982 хүн нас барсан байна.
Японд вакцинжуулалт энэ оны хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 14-ний байдлаар хүн амынх нь 64.72 хувь буюу 81 550 858 хүн вакцины эхний тунг, 52.41 хувь буюу 66 035 834 хүн хоёр тунг бүрэн хийлгэжээ.
Японы эрх баригчид улс орныхоо нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын зэрэгцээ нийгэм, эдийн засгаа дэмжихэд хүчин чармайлт гаргаж байгаа юм. Тус улсын парламент өнгөрсөн онд цар тахлын үед эдийн засаг, иргэдээ дэмжих 117.1 их наяд иен буюу 1.1 их наяд орчим ам.долларын багцыг баталжээ.
Эх сурвалж: Yomiuri, Montsame