Нээлттэй нийгэм форумаас Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт ээлжит уулзалт өнөөдөр болж өнгөрлөө. Уулзалтад сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар ажилладаг 20 эксперт оролцсон аж. 2013 оны 10 дугаар сараас эхлэн тус уулзалтыг сар тутам тогтмол зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар “Сэтгэцийн эрүүл мэнд ба Хүний эрх” агуулгын хүрээнд салбарын шинжээч, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

Уулзалтанд оролцогч эмч, сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан доорх асуудлыг хөндлөө.

  • Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эмгэг судлалын клиникт үргэлжлүүлж байна. Энэ клиникт 30 хүнийг эмчлэх боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 41 хүн эмчлэгдэж байна. Тухайлбал 2-8 хүн нэг өрөөнд эмчилгээ хийлгэж тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байна.

  • Хүний эрхийг хамгаалахын тулд сэтгэл буюу сэтгэцийг хамгаалах нь чухал. Гэтэл бид шинж тэмдэг, үр дүнгийн асуудлыг маш их ярьдаг. Шалтгаан эсвэл тогтолцооны асуудлыг огт ярьдаггүй. Сэтгэцийн гэмтэл гэж нэг юм бий. Манайд сэтгэцийн гэмтлийн зэргийг тогтоох хэрэгтэй. Гэмтлийн зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж гуравхан зэргээр тогтоодог. Гэтэл сэтгэлзүйн гэмтлийг хэн ч, хэзээ ч тогтоодоггүй. Манайх цаасан дээр бичсэн хуулиа л дагадаг учраас үр дүнд хүрэхгүй, хэрэгжүүлэхгүй байна гэдэг.

  • Бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхдийн асуудалд Монгол Улсад орхигдож байна. Энэ төрлийн  хүчирхийлэлд орсон хүүхэд маш урт хугацаагаар сэтгэл санааны дарамттай явдаг. Үүнд гол нөлөөлж буй нэг зүйл нь тухайн хэргийг шийдэж буй хуулийн байгууллагаас шалтгаалж байна. Хуулийнхан хэрэг хянан шийдэж байна гэсэн асуудлыг яриад хүчирхийлэлд автсан хүүхдийг урт хугацаагаар байн байн дуудаж мэдүүлэг авдаг. Энэ нь нөгөө хүүхдэд болсон хэрэг явдлыг эргэн сануулж байдаг. Энэ асуудал дээр бас төрөөс анхаар ч хүчирхийлэлд өртсөн хүүхдийг харж үзээч гэж хэлмээр байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл дээр сэтгэцийн асуудлыг хэмжиж оншилдоггүй хохирогчийн сэтгэл зүйн байдал ямар байгааг анхаардаггүй хэвээр байна. Мөн хүчирхийлэгчийн зан үйл засах сургалт буруу явагдаад байдаг. Ингээд ямар ч үр дүнгүй сургалт баривчилгаа хийгдсэний дараа нөгөө уур хорсолтой хүчирхийлэгч гэртээ очоод ахиад хүчирхийлэл үйлддэг. Хохирогчийн сэтгэл зүйн эрүүл байдлыг анхаардаг хамгаалалтад авдаг болмоор байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн